Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбатыг томилохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-13 11:58:16

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9 цаг 51 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахад гишүүдээс ямар нэг санал  гараагүй тул байнгын хорооны даргыг сонгох чөлөөлөх тухай асуудлын хэлэлцүүлгийг эхлүүлэв.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэлцүүлгийн эхэнд байнгын хорооны даргын томилгооноос УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нэрээ татсан тухай тайлбарыг хийлээ. Үүний дараагаар УИХ-ын зарим гишүүд үг хэлсэн бөгөөд тэд “Хууль бүрэн бүтэн гарахын өмнөх шүүлтүүр бол Хууль зүйн байнгын хороо. Энэ хороо зарим тохиолдолд хангалттай ажиллахгүй байна” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Хууль зүйн байнгын хорооны даргыг сонгох асуудлыг харахад төрийн дээр нам гарсныг харж болох байна. Өнөөдөр хуулийн байгууллагын нэр хүнд олон нийтийн дунд тааруу байна. Үүнтэй Хууль зүйн байнгын хорооны нэр хүнд ч мөн холбогдоно. УИХ сүүлийн үед цэцийн дүгнэлтийг өчнөөн олон удаа хэлэлцэж байна. Ер нь нам юу гэнэ, тэр зарчмаар яваад байвал хуулийн систем нуран унана шүү” гэсэн асуудлыг дэвшүүлж байсан юм. Гишүүд үгээ хэлсний дараагаар санал хураалт явуулахад Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны даргад томилохыг гишүүдийн олонх дэмжлээ.

Б.Туул

Related news