Ц.Мөнх-Оргил: Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам айлчлахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-26 15:50:26

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд хандаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр нэгдүгээрт Далай ламын айлчлалтай холбоотой Засгийн газрын байр суурь, давхар иргэншил болон дөрвөн ДТГ-ыг татан буулгах үндэслэл гэсэн гурван сэдвээр мэдээлэл хийв.

Ц.Мөнх-Оргил энэ үеэр, "Далай ламын асуудлаар би Засгийн газрын байр суурийг илэрхийлж, "Өдрийн сонин"-д ярилцлага өгсөн. Өөрөөр бусад гадаад дотоодын хэвлэлд ямар нэг мэдээлэл өгөөгүй. Түүнчлэн Монгол Улс "Нэг Хятад"-ын бодлогыг тууштай барьж ирсэн. Цаашид ч баримтлах болно. Төвд бол БНХАУ-ын бүрэлдэхүүн хэсэг. БНХАУ-ын язгуур эрх ашгийн асуудал юм.

Үүний зэрэгцээ Далай лам айлчлалынхаа хүрээнд сүсэгтэн олонд ном хурсан ч хоёр улсын хооронд үл ойлголцол үүссэн. Энэ айлчлалд Засгийн газрын оролцоо байгаагүй. Гэтэл өнөөдөр айлчлалын үр дагавар хоёр орны харилцаанд нөлөөлж байгаа тул энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам айлчлахгүй гэсэн байр суурьтай байгаа. Мөн Аравдугаар Богдын асуудал бол шашны асуудал гэдгийг хэлье" хэмээн мэдэгдэв.

Үүний дараа сайд Ц.Мөнх-Оргил давхар харьяаллын асуудлаар тайлбар хийсэн. Өнөөдрийн байдлаар манай улсын 130 мянга гаруй иргэн хилийн чинадад амьдардаг. Үүний 24 мянга нь монголын харьяат болж чадахгүй байгаа аж. Гэтэл монгол аав ээжтэй хүүхдүүд тухайн амьдарч байгаа улсынхаа хуулийн дагуу шууд тус улсынхаа иргэншлийг авдаг. Тиймээс тэдгээр хүүхдүүдийг Монгол Улсын иргэнээр бүртгэж авах тухай асуудлыг энэ оны 8 дугаар сард ГХЯ-нд болсон ТББ-уудын чуулга уулзалтын хүрээнд хөндөж иргэдээс санал болгосон. Тиймээс Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулан судалж байгаа аж. Гэхдээ гадаадын иргэн манай улсын иргэн болох тухай асуудал хөндөгдөхгүй юм байна. 

Одоогийн байдлаар дэлхийн 172 орноос 72 нь онцгой тохиолдолд давхар иргэншлийг зөвшөөрдөг, 50 нь бүрэн зөвшөөрдөг, 50 улс огт зөвшөөрдөггүй. Тухайлбал, БНХАУ гэхэд давхар иргэншлийн асуудлыг зөвшөөрдөггүй аж. Харин ОХУ, Казакстан улс онцгой тохиолдолд буюу өөрсдийн үндэстнүүдэд давхар иргэншлийг зөвшөөрдөг. Бид онцгой тохиолдолд давхар иргэншлийн асуудлыг зөвшөөрөх хэрэгтэй хэмээн сайд ярьлаа.  

Дипломат төлөөлөгчийн газар /ДТГ/-уудыг татан буулгах тухайд тэрбээр харилцан адил байх буюу манай улсад ДТГ нь байгаа эсэх, тус улсад оршин сууж буй монгол иргэдийн тоо, худалдааны эргэлтийн түвшин гэх зэрэг хүчин зүйлсийг харгалзан, Индонези, Бразиль дахь ЭСЯ-ыг, БНХАУ-ын Хайлаар, Япон Улсын Осака дахь Ерөнхий консулын газрыг татан буулгахаар болсон мэдээллийг өглөө.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news