"Хөх цавын"  цементийн үйлдвэр орон нутгаас ажиллах хүч авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-11 12:40:46

Дорноговь аймгийн ЗДТГ, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, “МАК” ХХК хамтран “Ажлын байр-амьдралын баталгаа” хөдөлмөрийн яармагийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд Сайншанд хотын Хүүхдийн ордонд зохион байгуулна.

Хөдөлмөрийн яармаг нь  Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг  “МАК” компанийн "Хөх цавын"  цементийн үйлдвэр энэ жил ашиглалтад орохтой холбогдуулж ажиллах хүчнийг Дорноговь аймгийн сумдаас бэлтгэх хоёр талын хамтын ажиллагааны гэрээний  дагуу зохиогдох бөгөөд бункерчин, бутлуурчин, конвейрийн машинч, стайкерийн оператор, рекламерийн оператор, краны оператор, тээрмийн оператор, урьдчилан халаах болон зуухны оператор, савлах хэсгийн оператор, туслах ажилтан зэрэг мэргэжлийн ажилд иргэдийг бүртгэх аж.

Нөөцөд бүртгэсэн иргэдийг энэ оны нэгдүгээр сарын 14-нд нарийн мэргэжлийн үзлэгт хамруулж, 2017 оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн 14 хоногийн богино хугацааны сургалтыг аймгийн МСҮТ-д зохион байгуулж, чадамжийн гэрчилгээ олгох юм.

Ингэснээр Дорноговь аймгийн иргэд нутагтаа ажлын байраар хангагдаж сайхан амьдрах боломж бүрдэх аж.

Х.Эрдэнэбулган

Related news