Үхэж хорогдсон бөхөнгийн сэг зэмийг устгахад нэмэлт хүч хэрэгтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДБөхөнгийн бэлчдэг нутаг уудам их тул малын халдварт өвчнөөр үхэж хорогдсон амьтны сэг зэмийг устгахад нэмэлт хүн хүч хэрэгтэй байгааг аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд хэлж байна.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Дарви,Чандмань суманд Хар ус нуурын тусгай хамгааллатай газар, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, Онцгой байдлын ажилтнуудаас бүрдсэн гурван ажлын хэсэг ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 01 сарын 11-ний байдлаар дээрх хоёр сумын нутагт 442 бөхөнгийн сэг зэм устгасан, түүний дотор нэг хар сүүлт устгаж,түүнээс дээж авах боломжгүй байсан байна.
Хорогдож байгаа бөхөнгийн дийлэнх нь янзага, шарагчин байна.
Бөхөн мялзан өвчнөөр хорогдсон талаар Байгаль орчны яамнаас 8-10 зүйл заалт бүхий зөвлөмж ирүүлж, нутгийн иргэдэд сурталхын зэрэгцээ БОАЖЯ,Улсын мал эмнэлгийн газраас мэргэжилтнүүд газар дээр нь ирж ажиллаж байна. Дэхийн байгаль хамгаалах сангийн судлаачид бөхөнгийн тооллого хийж, үхэж хорогдсон бөхөнгийн цуллаг эрхтний дээж авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид явуулж,улмаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага руу дээжийг нь баталгаажуулахаар явуулсан байна.
Үхэж хорогдсон бөхөнгийн сэг зэмийг тэр дор нь шувуу идэж, сэг зэм устгах ажилд дээрх хоёр сумдын байгаль орчны байцаагчдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа хэдий бөхөнгийн хорогдол нэмэгдэж, сэг зэм устгах ажилд нэмэлт хүн хүч шаардагдсаар байна.
А.Бямбасүрэн