“Ховд” хэмээх нэрийн утга

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-12 09:56:29

Ховд аймгийн нэр Ховд гэдэг үгийн утгыг эрдэмтэд, зохиолчид, түүхчид олон янзаар тайлбарласан байдаг.

Нэрт зохиолч Л.Түдэв Ховоо ховил хотгор хөндийг Ховд гэнэ. Зүрхний Ховд, Хутганы Ховд, Нүцгэн Ховд гэж бий гэжээ. Тэгвэл Я.Цэвэлийн толь бичигт “Урт нарийн юм агуулах хайрцаг, сав, Сумны Ховд, мөнгөний Ховд, хүчний Ховд гэсэн үг. Малын ноосыг мушгиж, хэсэг хэсгээр нь эрчлээд хамтатган нэг урт мушгимал ноос ороож хийсэн бөөн хэсгийг Ховд унгас гэнэ" гэж тайлбарлажээ. XVII зууны эцэс, түүнээс хойшхи үеийн сурвалж бичгүүд, тухайлбал Зая бандидын намтар ба Энх-Амгалан хааны бодлогын бичиг, Зүүнгарын бодлогын бичиг, Галдангийн Эрдэнийн эрхи зэрэг монгол, манж сурвалжид “Ховдын газар” гэж шууд товлон нэрлэжээ.

Дээр дурдсанаас харахад “Ховд” хэмээх үг газар усны нэр болж хувирсан нь XVII зууны эцэст ногдох бөгөөд түүнээс хойшхи түүхийн эх сурвалжид ийнхүү нэрлэн дэлгэрүүлэн бичигдэх болжээ гэж /Д.Гонгор/ “Ховдын хураангуй түүхээс” номондоо бичсэн байна.

А.Бямбасүрэн

Related news