Ховдод 1300 хүн ажил идэвхтэй хайж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймагт аж үйлдвэрийн салбар бараг хөгжөөгүй, зах зээлийн багтаамж бага, малын арьс шир, ноос зэрэг түүхий эдийг худалдан авах болон боловсруулах анхан шатны үйлдвэрүүд байхгүй зэргээс шалтгаалан ажлын байр дутмаг байна.
Баруун бүсийн хувьд ядуурлын хамрах хүрээ 2010 онд 53 хувь байснаа 2014 онд буурч 26 хувьд хүрсэн ч улсын дундаж болох 21,6 хувиас өндөр байна. Ховд аймагт ажилгүйдлийн түвшин 2015 онд 8,6 байгаа бөгөөд 1300 хүн идэвхтэй ажил хайж байна. Эдийн засгийн идэвхтэй хүн ам 36 мянга байгаагаас 33 мянга нь ажил эрхэлж байна. Аймгийн хэмжээнд 1691 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Ховд аймагт бараа бүтээгдхүүний үнэ аймгууд болон нийслэлтэй харьцуулахад өндөр байна. Тухайлбал 2015 онд гурил, элсэн чихрийн үнэ бусад аймгуудын дундажтай харьцуулахад 22-24 хувиар өндөр байгаа нь хүн амын бодит худалдан авалтад сөргөөр нөлөөлж байна. Мөн бензиний үнэ 8 хувиар өндөр байгаа нь бизнесийн үйл ажиллагааны суурь зардлыг өсгөж байна. Ялангуяа газар тариалангийн салбарт техник өргөнөөр ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа юм.
2015 онд улсын дундаж цалин 808 мянган төгрөг байхад Ховд аймгийн дундаж цалин 621 мянган төгрөг байгаа нь 23 хувиар бага байна.
А.Бямбасүрэн