Дугуйчид “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-17 16:38:50

Монголын Залуучуудын холбооноос "Унадаг дугуйтай Улаанбаатар" намрын дугуйн парадыг  Чингисийн талбайд зохион байгууллаа.

"Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд намрын дугуйн парад гурав дахь жилдээ болж буй юм. Өнөөдрийн дугуйн парадад 3 настай балчраас 82 настай буурай хүртэлх 500 орчим дугуйчид оролцож, Чингисийн талбай-Зүүн дөрвөн зам-Баруун дөрвөн зам-Чингисийн талбай гэсэн маршрутаар 8 км зам тууллаа. Энэ удаагийн парадын гол онцлог нь дугуйчид МЗХ-ны санаачилгаар зохион байгуулж буй “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг дэмжсэн бөгөөд “Хулгайчгүй Монголын төлөө” гэсэн уриалгыг парадын үеэр олон нийтэд хүргэлээ. Энэхүү парадад оролцсон дугуйчдыг ‪”GreenCity” ХХК ‪”Ghana”  шоколадаараа дайлсан юм.

 Дугуйн парад нь их хотын иргэд  спортоор амьсгалж,  гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар зугаалах  таатай боломжийг олгодгоороо онцлогтой. Түүнчлэн сүүлийн үед парад гэхээсээ илүүтэй дугуйчдын наадам болон өргөжиж байгаа нь олон хүний талархлыг хүлээж байна.

"Унадаг дугуйтай Улаанбаатар" парадад оролцсон дугуйчдаас хамгийн ахмад нь 82 настай Н.Гэндэн өвөө байсан юм. Тэрээр 1953 оноос хойш өнөөг хүртэл дугуйтай нөхөрлөж буй ахмад дугуйчин бөгөөд Монголд унадаг дугуйн зам  тэргүүнд шаардлагатай байгааг онцолж байв.

Дугуйн парадын ерөнхий зохион байгуулагчаар МЗХ, “Залуу дугуйчин” клуб, Нийслэлийн Замын цагдаагийн газар, ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагаар  “Cannondale”, “Аттила”, “Трек” дугуйн дэлгүүр, “Green city” ХХК, “Nice bike” клуб, “Оргил” дугуйн клуб, “Никель Ганбаа” ХХК  ажиллалаа.

 Б.Заяа

Related news