АНУ-ын нисэх онгоцны буудал дээр дүрвэгчдийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК. /Reuters/. Дүрвэгчдийг АНУ руу нэвтрэхийг түр хориглох тухай зарлигт Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсны дараа Нью-Йорк хотын Жон Ф.Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал дээр 11 дүрвэгчийг баривчилжээ.
Тэдний нэг нь Техас муж улсад байгаа эхнэр, хүүхэд рүүгээ явах гэж байжээ. Түүний визний хугацаа дуусаагүй аж. Дүрвэгчдийн эрхийг хамгаалах нэгэн ТББ түүнийг суллуулахын тулд шүүхэд зарга мэдүүлжээ.
Мөн өөр нэг эрэгтэйг бүтэн өдөржингөө хорьж саатуулсны эцэст сулласан байна. Энэ залуу Ирак дахь АНУ-ын армийн бие бүрэлдэхүүнд орчуулагчаар ажилладаг байжээ.
Иран, Ирак, Ливи, Сомали, Судан, Сири болон Йемен гэсэн лалын шашинт долоон улсын иргэд АНУ руу нэвтрэхийг 90 хоногийн хугацаатайгаар хориглоод байгаа юм.
Мөн дүрвэгчид хүлээж авах тухай хөтөлбөрийг 120 хоногийн хугацаатайгаар зогсоогоод байна.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Д.Трампыг хүний эрхийн төлөө тэмцэгчид, шашны байгууллагууд болон бусад хүн хатуу шүүмжилж байна.
Тухайлбал, "Эмнэсти Интернэшнл" ТББ-ын мэдэгдэлд "Дүрвэгчид хүлээж авах хөтөлбөрийг зогсоосон нь хүнлэг бус шийдвэр бөгөөд олон улсын хуулийг зөрчсөн хэрэг. АНУ бол олон дүрвэгчид туслан тэдний аж амьдралыг сэргээсэн баялаг түүхтэй улс. АНУ хүмүүсийг гарал үүсэл болон шашнаар ялгаварлан гадуурхах ёсгүй" гэжээ.
Мөн Нобелийн Энх тайвны шагналт Малала Юсафзай сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд "хүчирхийлэл болон дайнаас дайжин зугтаж байгаа дүрвэгч хүүхдүүдэд Д.Трамп хаалгаа хаалаа" гэв.
Г.Доржханд