Байт харваачид Гүржээс 9 алт, 1 мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-19 17:23:38

Гүржийн Батуми хотноо 10 дугаар сарын 14-17-нд болсон олон улсын тэмцээнд Монгол Улсын байт харвааны шигшээ багийнхан амжилттай оролцож хувийн болон багийн дүнгээр нийт 9 алт, нэг мөнгөн медаль хүртжээ.

Энэ тэмцээнд 12 орны эрэгтэй 52, эмэгтэй 32 тамирчин онч мэргэнээ сорьсон бөгөөд тэмцээний үеэр бороотой, цаг агаар тааламжгүй байсан ч манай харваачдад огтхон саад болоогүй байна. Эмэгтэйчүүдийн хувийн шигшээ харваанаас ОУХМ Н.Ариунбилэг алт, эрэгтэйчүүдийн хувийн шигшээ харваанаас ОУХМ Ж.Гантөгс мөнгөн медаль хүртэж медалийн салхийг хагалжээ.

Харин тэмцээний гурав дахь өдрийн харваа манай багийн ноёрхол дор болж, холимог багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Д.Мирослава, эрэгтэйчүүдийн багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Отгонболд, эмэгтэйчүүдийн багийн төрөлд ОУХМ Д.Мирослава, ОУХМ Н.Ариунбилэг, СМ Ч.Оюунтунгалаг нар алтан медалийн эзэд боллоо.

Монголын байт харваачдын гол зорилт нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, “Рио-2016” олимпийн наадмын эрх авахад оршиж байгаа юм.

Д.Өлзий

Related news