Дундговь аймгаас “Алтан хурга”- ны эзэд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-13 22:28:19

ХХААХҮЯ, МҮОНР хамтран 45 дахь жилдээ  “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын эздийг тодруулсан бөгөөд Дундговь аймгийн 2 малчин “Алтан хурга”- ны эзэд боллоо. Тодруулбал, Хулд сумын Бүлээн багийн малчин Б. Цэенцогзол, Гурвансайхан сумын Элгэн багийн малчин А. Бараахас нар энэ шагналын болзлыг хангажээ.

Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан малчин энэ шагналын эзэн болдог. Түүнчлэн нутаг орондоо шинэ залуу малчдыг мал маллах арга ухаанд сургаж ажлын байраар хангасан, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд нийлүүлэн өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр дууриал болж хөдөлмөрлөсөн зэрэг болзлыг  “Алтан төлийн эзэд” хангадаг байна.

Малчин Б. Цэенцогзолын хувьд гал бичин жилд 380 хониноос 390 гаруй хурга бойжуулсан. Мал сүргээ таван төрөлд нь өсгөж, 1300 гаруй толгой мал тоолуулсан, мал маллагааны сайн арга туршлагатай малчдын нэг юм. Тэрээр хоёр өрхийг малжуулсан байна.

Малчин А. Бараахасын хувьд  2600 гаруй толгой малтай. Бичин жилд 800 хониноос 850 хурга хүлээн авч бойжуулсан. Мал сүргээ таван төрөлд нь өсгөж яваа аймгийн сайн малчдын нэг ажээ.

Т. Отгонтуяа 

 

Related news