Екатеринбургийн Их дуулгаас Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-22 08:31:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Екатеринбургийн Их дуулга-2017" тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-д хүч үзсэн Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртэж, энэ удаагийн тэмцээний Монголын багийн медальтан болов. 
 
Тэрбээр эхний тойрогтоо Эстоны жүдоч Жухан Метисийг 59 секундэд цэвэр ялж, улмаар Алжирийн Наджир Тимарыг нэмэлт цагт торгуулиар ялж шилдэг наймд шалгарсан. Тус тэмцээнд жингээ тэргүүлэн барилдсан Румыний бөх Даниэль Натиг 38-хан секундэд даралтаар цэвэр ялсан юм. 

Харин хагас шигшээд Бразилийн Давид Моурад цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө Унгарын Барна Борийг унаж шидэх мэхээр цэвэр ялсан амжилтаараа энэ тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирч чадлаа.

Энэ удаагийн "Екатеринбургийн Их дуулга-2017" тэмцээнд Монголын 20 жүдоч хүч, ур чадвараа сорьсон ч Б. Тэмүүлэн ганцаараа медалийн тавцанд гарав.

Д.Өлзий 
 
Related news