Жүдогийн өсвөрийн тамирчид цолоо ахиулж, бүсээ гардаж авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2017-08-01 12:40:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдогийн акедемид суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн өсвөрийн 66 тамирчин шар, улбар шар, ногоон, цэнхэр, бор бүс сертификатын хамт гардан авлаа.

Энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр Спортын төв ордонд болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр өсвөрийн жүдочдод бүс гардуулж, баяр хүргэн, спортын амжилт хүсэв. 

Тэрбээр 2006 оноос хойш Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр, Олон улсын жүдо бөхийн холбооны Бодлогын зөвлөлийн Ази тивийг хариуцсан тэргүүнээр ажиллаж буй юм.

Түүний үүсгэн байгуулсан  Өсвөрийн жүдочдод бүс гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн зочид, тамирчид, эцэг эхчүүдэд хандан Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, “Манай Жүдогийн академи байгуулагдаад нэлээд олон жил болж байна. Монголын өсвөр үе, залуучууд хүүхдүүд багаасаа хөдөлмөрч, тэвчээртэй болж бие бялдрын хөгжил нь сайжирч, интернэт орчинд бус, спорт зааланд цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд Жүдогийн академийн байгуулагдсан зорилго нь оршиж байгаа юм. Өнөөдөр цол ахиулж бүс гардуулах ёслол болж байна. Академийнхаа багш дасгалжуулагч, хүүхдүүдэд баяр хүргэе” гэв.

Монголын Жүдо бөхийн холбооны дэргэдэх, Монголын Жүдо академи нь 2009 оноос үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Монголын Жүдо академийн ахлах дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Манай академи “Мөнхийн үсэг”, “Тэмүүлэл” хоёр салбартай. Одоогийн байдлаар өглөө, орой хоёр ээлжээр 350 гаруй хүүхэд хичээллэж байна. Суралцагчидтай ажиллаж байгаа багш нар нь мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа дадлага туршлагатай багш нар байдаг. Бид жүдо бөхөөр дамжуулан зөв хүмүүжилтэй, эрүүл бие бялдартай, тэсвэр тэвчээртэй, нйигэмд сайн иргэн болгон төлөвшүүлэх, Монгол Улсын нэрийг өргөх өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэн гаргах зорилт тавин ажиллаж байна. Хамгийн сүүлд өсвөрийн Азийн аварга төрсөн амжилт үзүүлээд байна ” гэв.

Энэхүү ёслолын ажиллагаанд Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын зэрэглэлийн шүүгч М.Бөхбат, Олон Улсын жүдо бөхийн холбооны Энхтайваны хорооны дарга Николас Мэсснэр, Олимпийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга Грек улсын тамирчин Иллиас Иллиадис нар болон тамирчид, дасгалжуулагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news