Олон улсын спортын VII наадамд 1000 гаруй тамирчин өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2017-08-02 14:29:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын спортын хүүхдийн VII наадам гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо  энэ сарын 12-17-нд болно.

Энэхүү наадам нь Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүдийг хөгжүүлэх, оролцох залуу тамирчдыг сонгон шалгаруулах, хүүхэд залуусыг спортоор хичээллэх хүсэл тэмүүллийг бий болгож, эрүүл ирээдүйг бүтээх зорилготой.

Наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийт 1000 гаруй тамирчин байт харваа, бокс, волейбол, жүдо, сагсан бөмбөг, таеквандо, теннис, футзал, хөнгөн атлетик, чөлөөт бөх, ширээний теннис гэсэн спортын 11 төрлөөр оролцох юм. Уг наадамд оролцогч тамирчид Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд байрлан, 6 хоногийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Анх 2009 онд Улаанбаатар хотноо болсон тус наадамд спортын 5 төрөлд 300 гаруй тамирчин оролцсон тоо байдаг. Жилээс жилд спортын төрөл, тамирчдын тоо болон чансаа нь нэмэгдсээр байгаа бөгөөд өмнө нь Улаанбаатар, Улаан-Үд, Хөх хотод тус бүр 2 удаа зохион байгуулагдаж байжээ.

Энэ жилийн наадамд оролцох тамирчдын тоо өмнөх жилээс даруй 3 дахин нэмэгдсэнээрээ онцлогтой. Түүнчлэн наадмаас гадна насны хязгааргүй “Өртөөт марафон”-ыг энэ сарын 13-нд зохион байгуулах юм.

Ж.Болор
Related news