Олон улсын өртөөт марафонд идэвхтэй оролцохыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2017-08-09 15:21:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Үзэсгэлэнт Улаанбаатар 2017” олон улсын өртөөт марафон анх удаа энэ ням гарагт болох гэж буйтай холбогдуулан зохион байгуулагчид нь мэдээлэл хийлээ.

Энэхүү тэмцээнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулах юм.

Тэмцээн энэ сарын 13-ны 09.30 цагт Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж, тамирчид 10.00 цагт гараанаас гарах юм. Тэмцээнд оролцогчид таван өртөөгөөр аялж, өртөө бүрт даалгавар биелүүлж, өөрсдийн цагийг тухайн өртөө хариуцсан шүүгч, зохион байгуулагчдад бүртгүүлж, тэмдэглэгээ хийлгээд эргээд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирснээр өндөрлөх аж.
 
Оролцогчид өглөө 08:00 цагт төв талбайд багийн гишүүдтэйгээ бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж, бүртгэлээ баталгаажуулан, цаг хэмжигчээ авах ёстой.
 
Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны хэлтсийн дарга А.Болдмаа, “Тэмцээнд оролцогчид “Жуулчин”, “Гэр бүл”, “Найзууд”, “Сэтгэлд хоногшсон Улаанбаатар” гэсэн төрөлд өрсөлдөнө. Тэмцээний үеэр унадаг дугуй, такси болон хувийн тээврийн хэрэгсэл ашиглах хориотой бөгөөд зөвхөн нийтийн автобусаар зорчих боломжтой. Тэмцээний үеэр зам хаах, хориг тавихгүй учир оролцогчид замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрсдийн аюулгүй байдлыг хангаж оролцох ёстой. Тэмцээний шагналын сан 100 мянган ам.доллар бөгөөд ивээн тэтгэч байгууллагууд эхний гурван байр эзэлсэн нийт 12 багийн тамирчдыг Хятадын аялал жуулчлалын хотоор аялах эрхийн бичгээр шагнаж урамшуулна. Иймээс иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлж марафонд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.  

Тэмцээнд оролцох хүсэлтэй иргэд энэ сарын 11-нийг хүртэл Спортын төв ордны байранд ажлын цагаар бүртгүүлэх юм. Ингэхдээ иргэний үнэмлэх авчрах бөгөөд бүртгэлийн хураамжгүй аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news