Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-11-10 09:56:04

БОНХАЖ-ын сайдын дэргэдэх Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл энэ сарын 6-нд хуралдлаа.

Хуралдаанаар БОНХАЖЯ-ны Аялал жуулчлал бодлого зохицуулалтын газрын дарга М.Маргад зөвлөлийн 15 гишүүдэд энэ онд хийсэн ажлаа танилцуулж, дүгнэн ярилцав.

Аялал жуулчлалын эрх зүйн орчны шинэтгэлийн хүрээнд зарим бодлогын баримт бичгүүдийг боловсруулан УИХ, Засгийн газарт өргөн барьжээ. Үүнд, Казиногийн тухай, Хурдан морины бооцоот уралдааны тухай зэрэг хуулийн төслийг УИХ болон Засгийн газарт өргөн барьсан байна. Мөн гадаад хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэлхийн 187 улс орон оролцдог аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн “ИТБ Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд албан ёсны түнш орноор оролцсон. Монголын аялал жуулчлалын нэгдсэн цахим хуудас www.Mongolia.travel–г нээн ажиллуулсан ба олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд салбарын байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа аж.

Түүнчлэн AСEM буюу Ази-Европын 11 дэх дээд түвшний уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах ажлын хэсэгт хамтран ажиллаж байгаа бөгөөд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хийсэн ажлаа энэ үеэр танилцууллаа. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх чиглэлээр хийсэн ажлуудын дүнг тайландаа дурдав.

Б.Туул

Related news