Таван сум гэмт хэрэг ихтэйд тооцогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 14:03:08

Энэ оны 10 дугаар сарын байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 215 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд урьд оны аравдугаар сарынхтай харьцуулахад гэмт хэрэг 1.4 хувь, гэмт хэрэгт холбогдогч 2.2 хувиар тус тус буурсныг аймгийн Цагдаагийн хэлтсээс мэдээллээ.

Харин нийт гэмт хэрэг дотроо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг  урьд оны энэ үеийнхээс 25, залилангийн хэрэг 75 хувиар өссөн нь хамгийн өндөр өсөлттэйд тооцогдож байна. Тодруулбал, аравдугаар сарын байдлаар Дундговь аймагт хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 42, бусдыг залилсан 7 гэмт хэрэг гарчээ.

Нийт гэмт хэргийн 26 хувийг согтуугаар үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас 618 сая төгрөгийн хохирол иргэдэд учирч, үүний 63 хувийг нөхөн төлүүлсэн байна.

18 ба түүнээс дээш насны 10 мянган хүнд ногдох гэмт хэргийн аймгийн дундаж тоо 73 байгаа бол Дэлгэрцогт, Говь- Угтаал, Цагаандэлгэр, Гурвансайхан, Сайнцагаан суманд үүнээс ахиу буюу 86- 149 байгаа нь гэмт хэрэг ихтэй сум гэж тооцогдож байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

 

Related news