Каталони мужийн захиргаанд удирдах албан тушаал хашиж байсан хүмүүсийг цагдан хорив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-03 09:57:08
МАДРИД. /Ройтерс/. Испанийн шүүх Каталони мужийн захиргаанд удирдах албан тушаал хашиж байсан найман хүнийг төсвийн мөнгийг хууль бусаар бүх нийтийн санал асуулга явуулахад зарцуулсан, бослого дэгдээсэн зэрэг үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргажээ.

Каталонийн захиргаанд удирдах албан тушаал хашиж байсан 14 хүн, тэдний дотор мужийн захирагч Карлес Пьигдемон шүүхэд дуудагдаад байгаа билээ. Харин тэдний ес нь пүрэв гарагт Испанийн нийслэл Мадрид хотын шүүхэд очсон байна.

Өчигдөр орой шүүхээс гаргасан мэдэгдэлд “Нотлох баримтыг устгаж, оргон зугтаж болзошгүй учир энэ есөн хүний наймыг нь өнөөдрөөс цагдан хорих шийдвэр гаргалаа” гэжээ. Тэдний нэг нь Испаниас тусгаар тогтнохыг эсэргүүцэж байсан аж. Гэхдээ түүнд 58 мянган ам.долларын торгууль ногдуулжээ.

Тусгаар тогтнолоо дангаар тунхагласантай нь холбогдуулан Испанийн Засгийн газар Каталони мужийн өөртөө засах эрхийг түдгэлзүүлж, парламентыг нь тарааж, захирагч К.Пьигдемоныг огцруулаад байгаа юм.

Каталони мужийн төв Барселона хотын дарга Ада Колау шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд “Каталонийн хувьд хар өдрүүд тохиож байна. Ардчилсан зарчмаар сонгогдсон мужийн захиргааныхныг шоронд хорих гэж байна” гэжээ.

Бельги рүү зугтаад буй мужийн захирагч К.Пьигдемоныг баривчлах шийдвэрийг шүүх удахгүй гаргаж магадгүй гэж орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байна.
Г.Доржханд
Related news