Зэвсэгт мөргөлдөөн багасч байгааг тэмдэглэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2017-11-09 11:43:39
ТАНЖЕР (Марокко). /ТАСС/. Африкийн Холбоо (АХ) сүүлийн гурван жилд Африк тивд хэд хэдэн зэвсэгт мөргөлдөөн гарахаас сэрэмжилж чадсан гэж АХ-г даргалж байгаа Гвинейн Ерөнхийлөгч Альфа Конде Мароккогийн Танжер хотод тус улсын эзэн хаан VI Мухаммедын ивээл дор болж буй олон улсын мэтгэлцээний “MEDays” чуулга уулзалтын 10 дугаар хуралдаан дээр лхагва гарагт үг хэлэхдээ мэдэгдэв.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Африкийн Холбоо үр дүнд хүрч чадсаныг одоо тус тивд үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөнүүдийн тоо илэрхий нотолж байна. Гэхдээ олон тооны хүндрэл бэрхшээл арилаагүй байгаа нь 2020 гэхэд Африкт энх тайван, аюулгүй байдлыг бүрдүүлэх зорилтын хэрэгжилтийг холдуулж байгаа юм” гэж Альфа Конде тэмдэглэжээ.
 
“Олон улсын тавцанд Африк тивийн эзлэх байр суурийг бататгах үүднээс Европ болон Африкийн харилцааг бэхжүүлэх шаардлагатай” гэж чуулга уулзалтын гол илтгэгчдийн нэг, Ирландын ерөнхий сайд асан Берти Ахерн цохон тэмдэглэсэн байна.  
 
“MEDays” чуулга уулзалтын 10 дугаар хуралдаанд 150 төлөөлөгч оролцож байгаагийн дотор засгийн газрын гишүүн, эдийн засаг, улс төрийн шинжээч, бизнес эрхлэгч, санхүүгийн томоохон байгууллагуудын тэргүүн, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид байна.
 
Өмнөх болон энэ удаагийн чуулга уулзалтыг Мароккогийн гадаад бодлого болон олон улсын харилцааны нэлээд ач холбогдолтой асуудлуудыг шинжлэн судалдаг нэр хүндтэй, бие даасан эрдэм шинжилгээний байгууллага болох Амадеус хүрээлэнгээс зохион байгуулсан байна.
 
Л.Батбаяр
Related news