Хууль зөрчиж байгаа интернет кафенуудыг торгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙМонгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-н хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн газраас “Цахим тоглоом” нэгдсэн арга хэмжээг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд зохион явууллаа.
Арга хэмжээний хүрээнд Хэрлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газруудад шалгалт хийж, зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 6 иргэнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг засуулахаар хугацаатай “Мэдэгдэл”, “Шаардлага” хүргэлээ.
Илэрсэн зөрчлөөс харахад тухайн иргэд “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг судалж хэрэгжүүлээгүйгээс үйл ажиллагаа явуулах зохих зөвшөөрөл аваагүй, орон сууцны нэгдүгээр болон зоорийн давхарт байрласан, насанд хүрээгүй хүүхдэд цаг хэтрүүлэн үйлчилсэн зэрэг нийтлэг зөрчил гаргасан аж.
О.Буянхишиг