Бэлчээрийн мал аж ахуйд тустай төсөл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2015-11-20 15:02:30

“Хүлэрт намгийг хамгаалах стратеги, менежмент” болон “Ойн тогтвортой менежмент ба нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төслүүдийн нээлт өнөөдөр “Пума” зочид буудлын хурлын танхимд боллоо.

 Нээлтэд  БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Японы элчин сайдын яамны зөвлөх Минори Кикүчи, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Роберт Шоэлхаммер нарын албаны хүмүүс оролцлоо.

Зах зээлийн эдийн засаг хөгжихийн зэрэгцээ байгаль орчинд анхаарлаа хандуулах шаардлага гарч ирсэн энэ үед дээрх төслүүд хэрэгжснээр Монгол орны байгаль орчинд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон. 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлэхдээ, “Эл төслүүдийн хүрээнд Монгол Улсын хувьд  ойн тогтвортой менежментийг дэмжих, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, техник, технологи нэвтрүүлэх, унанги модыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үр дүнтэй хамтран ажиллах боломжтой” гэв. 

Харин Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Роберт Шоэлхаммер “Ойрын жилүүдэд уул уурхайг түшиглэн эдийн засгаа хөгжүүлж буй газрууд цөөнгүй бий.Энэ хоёр төсөл БОНХАЖЯ-ны хүчин чармайлтын үр дүнд хэрэгжинэ. Хүлэрт намгийн стратегийг хөгжүүлэх нь бэлчээрийн мал аж ахуйд ашиг тустай бөгөөд  төслийг хэрэгжүүлэхэд төсөл хэрэгжүүлэгч баг болон нутгийн иргэд, нөхөрлөлүүдийн оролцоо чухал” хэмээн тодотголоо.

“Хүлэрт намгийг хамгаалах стратеги, менежмент” төсөл нь 2016 оныг  дуустал хэрэгжих  бол “Ойн тогтвортой менежмент ба нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь” төсөл  хоёр жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.

Б.Заяа 

 

Related news