Гал гарах өндөр эрсдэлтэй байрны айлуудын цахилгааны утсыг шинэчилж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-05 18:57:39
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дорнод бүсийн эрчим хүчний систем /ДБЭХС/ ТӨК-ийн Сүхбаатар салбараас санаачлан Баруун-Урт сумын тавдугаар багийн “10 айл”-ын байрын бүх айл өрхүүдийн цахилгааны монтаж, гадна оруулгын утсыг бүрэн шинэчилж өгчээ. Ингэснээр тус айлуудыг галын аюулаас урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах боломжтой болж байна. 

“10 айл”-ын байранд дандаа өндөр настан болон амьдралын түвшин доогуур өрхүүд амьдардаг бөгөөдаймгийн ХХҮГ-ын судалгаан дээр үндэслэн энэ байрыг сонгож авчээ.

Олон жил болж, хуучирч муудсан цахилгааны утсыг шинээр хийж өгч байгаад баяртай байгаагаа оршин суугчид илэрхийлж байлаа.

Сүхбаатар аймгийн хэмжээнд гарсан гал түймрийн ихэнх хувийг объектын гал түймэр эзэлж байдаг. Тиймээс гал гарах хамгийн өндөр эрсдэлтэй айл өрхийг сонгож, дээрх ажлыг хийжээ. Үүний зэрэгцээ айл өрхийн иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.

Аймгийн Онцгой байдлын газар, ДБЭХС ТӨК-ийнСүхбаатар салбар хамтран он гарсаар Баруун-Урт сумын хэмжээнд 853 өрхийн 2000 орчим  иргэнд гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ.
Т.Одончимэг
 
Related news