АНУ-ын ирэх оны төсвийн талаар тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-16 14:59:34

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын гишүүд 2016 оны санхүүгийн жилийн улсын төсвийн талаар мягмар гарагт тохиролцоонд хүрсэн тухай Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ.

Ирэх оны төсвийн зарим заалтын талаар тухайлбал, татвартай холбоотой заалтын талаар АНУ-ын Конгрессын хоёр танхимын хууль тогтоогчид ихээхэн санал зөрөлдөөнтэй байсан юм. 1.1 триллион доллар болж байгаа төсвийн санал зөрөлдөөний улмаас үйл ажиллагааг нь зогсоохгүйн тулд Засгийн газрыг түр санхүүжүүлэх тогтоолыг тус улсын Конгресс хоёр ч удаа баталсан байна.

Засгийн газрыг түр хугацаанд санхүүжүүлэх тухай тогтоолын хүчинтэй хугацаа Вашингтоны цагаар лхагва гарагийн шөнө дунд дуусах юм. Засгийн газрын үйл ажиллагаа зогсох нь улс орны санхүүгийн байдалд, ялангуяа, хөрөнгийн зах зээлийн байдалд маш сөргөөр нөлөөлдөг. АНУ-д ирэх оны төсвөө амжиж батлаагүйн улмаас Засгийн газрын үйл ажиллагаа зогсох тохиолдол сүүлийн жилүүдэд нэг бус удаа гарсан билээ. Энэ удаа хууль тогтоогчид хэлэлцэн тохиролцсоноо амжиж батлахын тулд төсвийг түр санхүүжүүлэх тухай тогтоол батална гэж шинжээчид үзэж байна.

Д.Жаргал

 

関連ニュース