Путин жилийн эцсийн хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-12-17 09:32:13

МОСКВА. /Sputnik/. Оросын эдийн засаг болон олон улсын асуудлаарх жилийн эцсийн хэвлэлийн томоохон бага хурлаа тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр хийх гэж байна.

Оросын Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа ажиллаж буй Путин улсынхаа болон олон улсын сэтгүүлчдийг оролцуулан 11 дэх удаагаа хэвлэлийн бага хурал хийх гэж байна. Хэвлэлийнхэнд зориулсан ийм том уулзалт жилд ганц удаа болдог бөгөөд хэдэн цаг үргэлжилдэг.

Энэ жилийн арга хэмжээг сурвалжлах зөвшөөрлийг бараг 1400 сэтгүүлч авсан гэж Кремль цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Түүхий нефтиэс ихээхэн хамааралтай Оросын эдийн засаг олон улсын үнийн уналтыг хэрхэн даван туулах болон иргэдийн нийгмийн эрх, авлига зэрэг асуудлууд энэ жил ихээхэн анхаарал татах төлөвтэй байна.

Тэрчлэн Орос-Өрнөдийн харилцаа, Украины хямрал, Сирийн байдал, Орос-Туркийн харилцаа хэвлэлийн бага хурлаар хэлэлцэх гол асуудал байх бололтой.

Путин 2011 оноос хойш жил бүр хэвлэлийн бага хурал хийдэг уламжлалтай болсон. 2008 оны 12 дугаар сард болсон бага хурал хамгийн удаан үргэлжилж, Ерөнхийлөгч 106 асуултад 4 цаг 40 минут хариулжээ.

Өнгөрсөн жил Орос болон бусад улсын 38 сэтгүүлчийн 53 асуултад Путин хариулсан байна. Асуултуудын дийлэнх нь Оросын эдийн засагтай холбоотой байв. Асуултуудын зарим нь Украины хямрал болон Ерөнхийлөгчийн хувийн амьдралын талаар байсан юм.

 Х.Аминаа

 

関連ニュース