“Монгол тэмээ” наадам зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-17 10:45:27

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Монгол тэмээ-2016” наадам зохион байгуулах Ажлын хэсгийг захирамж гарган томиллоо.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тус наадмыг аймгийн Засаг даргын орлогч ахалж Ажлын хэсгийн гишүүдэд ЗДТГ-ын харьяа агентлагийн дарга, ажил хариуцсан хүмүүс багтжээ. Энэ талаар аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн мэргэжилтэн Ж.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Монгол тэмээ” наадмыг ирэх оны цагаан сарын баярын үеэр зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Ажлын хэсгийнхэн удахгүй хуралдаж наадмын бэлтгэл  ажил хангах талаар ярилцана. Манай аймгийн зарим нутгаар  цас их орж  өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул малчдын  отор нүүдлийн байдал, цаг зав,  тэмээ малын тарга хүч зэргийг харгалзан  хугацааг нь хойшлуулж ч магадгүй” гэв.

Уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар тэмээн поло, ганган тэмээ зэрэг үндэсний төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг бөгөөд үүнийг  гадаад дотоодын  аялагч, жуулчид ихээр  ирж сонирхдог байна.     

Х.Эрдэнэбулган

関連ニュース