Цөмийн зэвсэггүй Монгол: Зүүн Хойд Азийн үлгэр жишээ мөн үү?

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-01-19 15:09:21

ЛОНДОН. /basicint/. Зарим орон эмзэг байдлаа хамгаалахын тулд цөмийн зэвсэгтэй болдог. Энэ нь, ялангуяа, Зүүн Хойд Азид биеллээ олжээ. Тус бүс нутгийн орнуудын зарим нь аль хэдийн цөмийн зэвсэгтэй болсон /БНХАУ, Умард Солонгос/, зарим нь цөмийн зэвсэгтэй болохоор /Өмнөд Солонгос/ мэтгэлцэж байна. Зүүн Хойд Азийг цөмийн зэвсэггүй болгох асуудалд гадаад болон дотоодын хүчин зүйл аль аль нь саад болж байна. Дэлхийн зэвсэг хураах хөдөлгөөн нь, ялангуяа, Зүүн Хойд Азийг цөмийн зэвсэггүй болгохыг ихэд дэмждэг боловч Монгол шиг хүчирхэг үлгэр жишээ ч биш юм. Цөмийн зэвсэгтэй орнуудаар хүрээлүүлсэн эмзэг орчинд байгаа орон хэрхэн цөмийн зэвсэггүйгээр өөрийн аюулгүй байдлаа хангаж болохыг харуулсан Монгол бол зэвсэг хураах хөдөлгөөний жинхэнэ үлгэр жишээ юм.

ЗХУ хүйтэн дайн үед үй олноор хөнөөх зэвсгүүдээ Монголын газар нутагт байрлуулж байсан. Дараа нь Монголын Засгийн газар 1992 онд цөмийн зэвсгээс ангид бүс болно гэж тунхаглаж, улмаар 2000 онд УИХ-ын 19 тоот тогтоолоор тунхаглалыг албан ёсоор баталсан байна. Уг хуулиар Монголын нутаг дэвсгэр, тухайлбал, агаар, газар, усаар цөмийн зэвсэг тээвэрлэх болон байрлуулахыг хориглоод зогсохгүй, цэрэг зэвсгээр хөөцөлдөхөө болих стратегийг бүрэн хамруулсан байна. Энэ стратегиар улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ямар нэг байдлаар аюул учруулахыг эсэргүүцдэг юм. Ингэснээр Монгол Улс бие даасан байдлаа хамгаалж, олон талт гадаад бодлого явуулах боломжтой болж, БНХАУ болон ОХУ хоорондын хэрүүлийн алим байхаа больжээ. Цэрэг зэвсгээр хөөцөлдөхөө болих ерөнхий бодлого нь цөмийн зэвсгээс ангид бүсийг бий болгох чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Цөмийн зэвсгээс ангид байх гэсэн Монголын хүслийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч, сайшаасан байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон /бүгд цөмийн зэвсэгтэй/ 2012 онд тунхаг бичигт гарын үсэг зурж, Монголын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэж байгаагаа нотолжээ.

Монгол цөмийн зэвсгээс ангид бүс гэж тунхаглахад хамаагүй илүү хүчирхэг хөршүүдийн дунд эмзэг болон хавчигдмал байдалтай болохоо ойлгосон нь ихэд нөлөөлсөн байна. Хөрш орнуудад нь хурцадмал байдал үүссэн үед Монгол үндсэндээ цөмийн зэвсэггүй арал болж хувирах юм. Монгол нь Төв Азийн цөмийн зэвсгээс ангид бүсэд хамаардаггүй. Тус улсыг хөрш орнуудынх нь цөмийн хаягдлын байгууламжууд хүрээлж байна. Дэргэд нь цөмийн олон туршилт болдог.

Цөмийн зэвсгээс ангид бүсийн хувиар Монголын гадаад дүр төрхийн талаар хэлэлцэхээр АСЕАН-ы бүс нутгийн форумоос зарласан бага хурлыг Монгол 2015 оны есдүгээр сард зохион байгуулжээ. Дэлхийн ирээдүйн зөвлөл байгууллагын Энх тайван, зэвсэг хураах асуудал хариуцсан зохицуулагч Роб Ван Рит, Монголын цөмийн зэвсгийн бодлогыг сайшаагаад, Европын зэвсэг хураах ажиллагааны бодитой жишээ болно гэж мэдэгджээ. Харин сэтгүүлч Сергей Басаев, хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсууд, тэрчлэн Иран, Пакистан зэрэг улсын хувьд Монгол Улс “гэрэлт цамхаг” юм гэсэн байна. Үүнээс гадна, "Монгол Улс хэрхэн хөрөнгө оруулалтын төвийг бий болгож, цөмийн зэвсгээс ангид аюулгүй байдлын соёлыг хөхүүлэн дэмжиж, цэргийн эвслээс зайлсхийж байгааг" тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Монголын энэ ажиллагаа дэлхийг цөмийг зэвсэггүй болгох талаар хийж буй нааштай алхам  бөгөөд цөмийн зэвсэг дэлгэрүүлэх ажиллагааны улмаас аюулгүй болон тогтвортой байдал нь алдагдах эрсдэлд байгаа Зүүн Хойд Азид үлгэр жишээ болох юм. Хоёр хөрштэй нь харьцуулахад Монголын хөгжил болон цэргийн хүч харьцангуй сул. Үүнээс үүдээд улс орнууд төвийг сахиж, үй олноор хөнөөх зэвсгийг устгах замаар аюулгүй байдлаа хангаж болох юм гэсэн ойлголт улам лавширч байна. Энэ нь цөмийн зэвсэгтэй болсноор бусдын бай болж, аюулгүй байдлаа эрс сулруулж болзошгүйг сануулж байгаа юм.

Эвсэлд үл нэгдэх нь чухал. Монгол Улс АНУ-ын идэвхтэй түнш бөгөөд энэ нь БНХАУ болон ОХУ-тай хийж буй харилцааг тэнцвэржүүлж өгдөг. Монгол НАТО-гийн албан ёсны түнш болохоос татгалзсан. Тус улс Умард Солонгостой хийж буй харилцаагаа, ялангуяа, дипломат болон худалдааны хамтын ажиллагаагаа хэвээр хадгалахыг хичээж байна. Гэвч бүс нутгийн түгшүүртэй, тогтворгүй байдлын шалтгаан болсон Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг эсэргүүцэж байгаагаа Монгол Улс илэрхийлэхээс зайлсхийгээгүй юм. Умард Солонгосын удирдлагууд Монголыг аюул гэж хардаггүй, харин ч Монголын удирдлагуудын янз бүрийн асуудлаар гаргаж байгаа шийдвэрт анхааралтай хандуулдаг. 

Зүүн Хойд Азид цөмийн зэвсэггүй илүү өргөн хүрээний бүс байгуулах эцсийн зорилгод чиглэсэн анхны чухал алхмыг Монгол хийсэн байж болох юм. Питер Хейсийн хэлснээр, тус бүс нутаг дахь орнууд, тухайлбал, Япон, Монгол, Өмнөд Солонгос цөмийн зэвсэггүй бүс бий болгох гэрээ байгуулбал Умард Солонгос өөрийн байгууллагуудын төлөө эсвэл хоёр Солонгосыг энхийн замаар нэгтгэх ажлын хүрээнд нэгдэж болох юм.

Цөмийн зэвсэгтэй орнуудаар хүрээлэгдсэн эмзэг байдалд байгаа ч гэсэн цөмийн зэвсэггүйгээр аюулгүй байдлаа хангах боломжтой гэдгийг Монгол Улс хөршүүддээ харуулж байна. Үүний тулд дипломатын хүчирхэг чадвар, аюулгүй байдлын тэнцвэртэй бодлого явуулахад бэлэн байдал шаардлагатай. Цөмийн зэвсэгжсэн Зүүн Хойд Азийн улс төрийн орчныг харахад Монгол Улс үлгэр жишээ болон гэрэлтэж байна гэж улс төрийн шинжээч Энтони Рина бичжээ.

Д.Нямтулга

 

関連ニュース