Си Зиньпин Иранд айлчилж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-01-24 11:41:28

ТЕГЕРАН. /NHK/. Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уулзаж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон байна. Иранд авсан олон улсын хориг арга хэмжээг цуцалсны дараахан Си Зиньпин Иранд айлчилжээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпины Иранд хийж буй айлчлал нь хоёр улсын харилцаанд шинэ үе эхэлж байгааг харуулж байна гэж Роухани бямба гарагийн хэлэлцээний дараа мэдэгдэв.

Иран болон БНХАУ-ын харилцааг өргөжүүлснээр дэлхийн хөгжил, энх тайванд байдалд нэмэр болох юм гэж Си Зиньпин мэдэгдсэн байна.

Иран-БНХАУ хоорондын худалдааны хэмжээг 10 жилийн хугацаанд 10 дахин өсгөхөөр хоёр улсын Засгийн газрууд тохиролцжээ.

Мөн Тегеран болон Мешхедийг холбосон өндөр хурдны төмөр зам тавихад нь туслах зорилгоор Иранд олгох зээлийн хэмжээг БНХАУ нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Мешхед нь нийслэл Тегеран хотоос зүүн зүгт 900 км зайтай оршдог Ираны хоёр дахь том хот юм. Төмөр зам тавих уг төслийн нийт зардал нь хоёр тэрбум доллар ажээ.

Ази, Европыг холбох эдийн засгийн бүс байгуулах БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга болон Ираны энхийн зориулалттай цөмийн эрчим хүчний хөтөлбөрийг дэмжихэд хамтран ажиллахаар талууд тохиролцсон байна.

Си Зиньпин Иранд айлчлахаасаа өмнө Саудын Араб болон Египетэд айлчилжээ. Тэрбээр айлчлалаа эхлэхээсээ өмнө Ойрхи Дорнодын бүс нутагт 35 тэрбум долларын зээл олгохоор амласан байна.

Түүний энэ айлчлал нь АНУ-ын оролцоо буурч байгаа Орйхи Дорнодын бүс нутаг дахь БНХАУ-ын оролцоог нэмэгдүүлэх зорилготой гэж шинжээчид үзэж байна.

Д.Нямтулга

関連ニュース