Ан Сан Су Чи Ерөнхий командлагчтай уулзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-01-26 16:20:04

НЕЙПЬИДО. /NHK/. Мьянмарын Ардчиллын төлөө үндэсний лигийн тэргүүн Ан Сан Су Чи шинэ засгийн газар эмхлэн байгуулах асуудлыг хэлэлцэхээр Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтай уулзав.

Ан Сан Су Чи,  Мин Ан Хлаин нар нийслэл Нейпьидо хотод уулзав. Энэ нь арваннэгдүгээр сард болсон бүх нийтийн сонгуульд Ардчиллын төлөө үндэсний лигийн илт давуу ялснаас хойш хоёр талын хоёр дахь уулзалт болж байна.   

Уулзалт 2 цаг үргэлжилсэн бөгөөд тэд төрийн эрхийг шилжүүлэх болон парламентыг удирдах асуудлаар үзэл бодлоо илэн далангүй солилцлоо. Тэд мөн шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэв.

Цэргийн засгийн газраас гаргасан, Мьянмарын Үндсэн хуульд зэвсэгт хүчин парламентын суудлын дөрөвний нэг хувийг эзлэхээр заасан байдаг. Ерөнхий командлагч гурван гол сайдыг, тухайлбал, батлан хамгаалахын сайдыг томилдог. 

Даваа гарагийн уулзалтаараа Ан Сан Су Чи шинэ Засгийн газрыг цэргийнхэнтэй хамтран удирдах байр сууриа илэрхийлэв.

Тус улсын парламент ирэх даваа гарагт шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Ан Сан Су Чигаар удирдуулсан шинэ Засгийн газар гуравдугаар сард үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ.

Мьянмарын Үндсэн хуулинд зааснаар Ан Сан Су Чи Ерөнхийлөгч болох эрхгүй юм. Гадаад эхнэр, нөхөр, хүүхэдтэй хүнийг уг албан тушаалыг хашихыг зөвшөөрдөггүй. Түүний хөвгүүд Британийн иргэд билээ.

Х.Сарнай

 

関連ニュース