Японы Сангийн яамны цахим хуудас халдлагад өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /TASS/. Японы Сангийн яамны болон парламентын цахим хуудас даваа гарагт кибер халдлагад өртсөн байна. Халдлагын хариуцлагыг “Anonymous” бүлэглэлийн хакерууд хүлээсэн боловч Японы Засгийн газар энэ мэдээллийг одоогоор шалгаж байгаа аж.
Халдлагад мөн Японы Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудас өртсөн байна. Тус улсын төрийн байгууллагууд сүүлийн үед “Anonymous”-ын бай болоод байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Японы Цагдаагийн удирдах газрын цахим хуудас хэдэн цагаар гацсан байна. Мөн Токиогийн Нарита нисэх онгоцны буудлын цахим хуудас халдлагад өртжээ.
Японы Засгийн газар кибер аюулгүй байдлын арга хэмжээг чангатгах шинэ төлөвлөгөөг урьд нь баталсан билээ. Тавдугаар сард Миэ мужид зохион байгуулах “Их 7”-гийн бүлгийн уулзалт болон 2020 онд Токио хотод болох Олимпын наадмын өмнө энэ чиглэлд зайлшгүй ажиллах шаардлагатай байгааг тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга, кибер аюулгүй байдлыг хангах стратегийн штабыг тэргүүлэгч Есихидэ Суга Засгийн газрынхаа хуралдааны үеэр цохон тэмдэглэжээ.
Үүнээс гадна, Японы эрх баригчид энэ жилээс эхлэн хакерын халдлагатай тэмцэх сургуулилтын тоог болон хамрах хүрээг нэмэгдүүлж байгаа юм.
Д.Жаргал