Монголчууд Нидерландад орогнох эрхгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-02-16 17:26:21

АМСТЕРДАМ. /CA-NEWS/. Монгол Улс Голланд улсаас гаргасан аюулгүй орнуудын жагсаалтад багтсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Монголын иргэд тус улсад орогнох эрх хүсэх эрхгүй болж байгаагаас гадна гуравдугаар сарын 1-нээс эхлэн тус улсаас нэн даруй гарах ёстой болж байна.

Хоёрдугаар сарын 12-нд гаргасан уг жагсаалтад мөн Гана, Энэтхэг, Ямайк, Марокко болон Сенегал улс оржээ.

Нидерландын Засгийн газрын үзэж буйгаар, хэрэв эх орондоо буцан очиход хангалттай аюулгүй, арьсны өнгөөр эсвэл шашин шүтлэгээр хавчдаггүй, эрүүдэн шүүдэггүй, хүнлэг ханддаг бол тус улс аюулгүй оронд тооцогдох аж.

Гуравдугаар сарын 1-нээс эхлэн аюулгүй орнуудын иргэдээс өгсөн орогнох эрхийн хүсэлтийг хянан шалгах нэг ажиллагаагаар түргэтгэсэн журмаар хэлэлцэж үндэслэлгүй гэж үзэн татгалзсан хариу өгөх аж. Гэхдээ өргөдөл гаргагчдад улс орон нь тодорхой тохиолдолд яагаад тэдэнд аюултай байж болохыг нотлох боломж олгоно.

Татгалзсан хариу авсан хүмүүс Нидерландад оршин суух эрхгүй бөгөөд тус улсыг нэн даруй орхин гарах ёстой байна.

2015 онд Нидерланд улс аюулгүй орнуудын жагсаалтад саяхан оруулсан зургаан улсын иргэдээс орогнох эрх хүссэн 566 өргөдөл хүлээж авсны 12-ыг нь Энэтхэгийн иргэд, 20-ийг нь Сенегал, 23-ыг нь Гана улсын иргэд, 68-ыг нь Ямайкийн иргэд, 80-ыг нь мароккочууд, 363-ыг нь монголчууд өгчээ.

Д.Жаргал

 

関連ニュース