"Архангай түншлэл"-ээр 100 орчим сая төгрөгийн бараа борлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-22 22:35:22

Архангай /МОНЦАМЭ/.“Архангайн түншлэл 2018” үзэсгэлэн худалдаа  есдүгээр сарын 22-нд болж 130 орчим жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн цагаан идээ, хүнсний ногоо, талх, нарийн боов, модон эдлэл, цахилгаан бараа, эсгий, шүрэн урлал, хурганы элдсэн арьс, суран эдлэл, эмээл гэх зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 100 орчим сая төгрөгийн бараа борлууллаа.

Малын халдварт өвчин гарч болзошгүй учраас урьдчилан сэргийлэх чиглэлээр бог, бод болон эцэг малын шилмэл малын үзэсгэлэн худалдаа болоогүй 

“Архангайн түншлэл 2018” үзэсгэлэн худалдааны төгсгөлд орон нутагт үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний шилдгийн шилдгийг шалгаруулсан. Гран при шагналыг “Амин чанар” сүүний уургийг үйлдвэрлэдэг “Бага рашаант” ХХК хүртсэн бол хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр Эрдэнэбулган сумын иргэн н.Содномсамбуугийн монгол гутал, шилдэг модон эдлэлээр Жаргалант сумын иргэн С.Жамсранбазарын модон эдлэл шалгарчээ.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчид жилээс жилд нэмэгдэж, бараа бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодол, хаяг шошгыг шинэчилж, стандартын дагуу бэлтгэж оролцдог болсон төдийгүй үзэсгэлэн худалдаанд Эрдэнэбулган сумын “Алтаад” цагаан идээний үйлдвэр эрхлэгч Б.Лхагважаргалын сав баглаа боодол шилдгээр шалгарчээ.

Б.Гэрэлт-Од

関連ニュース