Зудын эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-15 10:49:26

Архангай /МОНЦАМЭ/. НҮБ-ын салбар байгууллага болох Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс гамшиг, зудын эрсдлийг бууруулж, хохирол багатай даван дуулах, урьдчилан сэргийлж, зохих бэлтгэлийг эртнээс хангахад нөлөөлөхүйц тоон мэдээллүүдийг малчдад мэссэжээр хүргэх зорилготой “Зудын эрсдэлийн хяналтыг сайжруулж, хүн амын амьжиргааг эртнээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” төслийн судалгааг Архангай аймагт хийж байна.

Судалгаа хийхээр Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүнсний аюулгүй байдлын үнэлгээний ажилтан Darko Petrovic тэргүүтэй мэргэжилтнүүд болон Мерси корын ажилтнууд Архангай аймагт энэ сарын 13-16-ныг дуустал ажиллаж байна.


Энэ үеэрээ аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзаж, төслийн судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч, аймаг орон нутгийн нөхцөл байдалтай танилцлаа.

Дээрх төлөөллийн хүмүүс аймагт ажиллахдаа зудын бэлэн байдлын үйл ажиллагаа, одоогийн байдал болон Засгийн газрын холбогдох талуудтай уулзаж, цаг агаарын мэдээ, урьдчилан сэргийлэх мэдээ хүргэхдээ SMS системийг ашиглах туршлагын талаар хэлэлцэх, бэлчээр ашиглагчдын бүлгүүд болох хоршоод, орон нутгийн худалдаачид, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулагчид, нийлүүлэгчидтэй уулзаж, нийлүүлэлтийн сүлжээ, үнэ тогтоох систем, үнийн мэдээллийг цуглуулах юм. Мөн малчидтай уулзаж, зудын бэлэн байдлын үйл ажиллагаа, цаг агаарын мэдээлэл, урьдчилан сэргийлэх мэдээлэл авах, эмзэг байдал, даван туулах нөхцөл байдлаа дээшлүүлэхэд SMS системийг ашиглах туршлагын талаар ярилцаж, өрхийн асуулга болон үнийн мэдээлэл цуглуулах талаар таамаглалыг баталгаажуулах зорилготой ажиллаж байгаа юм байна.

関連ニュース