Футэмма баазыг шилжүүлэн байрлуулах ажлыг зогсоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-04 15:51:27

ТОКИО. /Koydo/. Окинава арлын Наго хотын Хэноко дүүрэгт Америкийн Футэмма баазыг шилжүүлэн байрлуулах газар шорооны ажлыг Японы эрх баригчид зогсоохоор болсныг тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ. Уг баазыг шилжүүлэн байрлуулах асуудал нь тус улсын төв Засгийн газар болон Окинава мужийн эрх баригчид хоорондын харилцаанд учирч буй гол саад тотгор болсон юм.

“Шүүхээс санал болгосон энэ асуудлыг зохицуулах тухай төлөвлөгөөг батлах шийдвэрийг Засгийн газар гаргалаа” гэж Японы Ерөнхий сайд хэлсэн байна.

Уг төлөвлөгөөнд Хэноко дүүрэгт газар шорооны ажлыг зогсоохоос гадна Окиннава муж болон Японы төв Засгийн газар хоорондын шүүхийн маргааныг дуусгах тухай дурджээ. Үүнээс гадна, талууд хүлээн зөвшөөрч болмоор эцсийн шийдвэрийг боловсруулах зөвлөлдөөн явуулахаар төлөвлөж байна.

“Гэхдээ бид Америкийн баазыг Хэноко дүүрэгт шилжүүлэн байрлуулахыг цорын ганц боломжтой хувилбар гэж үзэж байна. Гэвч асуудлыг шийдэх тохиромжтой хувилбарыг боловсруулахын тулд Окинава мужийн эрх баригчидтай шударгаар хамтран ажиллахаар төлөвлөж байна” гэж Абэ цохон тэмдэглэжээ.

Орон сууцны зэргэлдээ оршдог учраас дэлхийн хамгийн аюултай баазад тооцогддог Футэммаг 2006 онд хоёр талын гэрээгээр Наго хотын Хэноко дүүрэгт шилжүүлэн байрлуулахаар шийдсэн байна. Үүний тулд эрэг хавийн зурваст 157 орчим га газрыг шороогоор дүүргэх шаардлагатай болсон бөгөөд энэ ажилд шүрэн хаднууд өртөж байгаа юм. Түүнчлэн баазыг муж дотроо шилжүүлэн байрлуулах нь АНУ-ын цэргийн баазыг байрлуулах томоохон ачааллыг бууруулахгүй гэж оршин суугчид үзэж байгаа аж. Японы нутаг дэвсгэрийн ердөө 0.6 хувийг эзлэн оршдог Окинавад Америкийн бүх баазын 74 хувь нь байрладаг байна.

Д.Жаргал

 

 

関連ニュース