Б.Анхцэцэг: Багш, сэтгүүлч гэсэн хоёр мэргэжил эх, үр шиг л хүйн холбоотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-12 16:40:04

Архангай /МОНЦАМЭ/. “Дэлүүн Болдогийн гэгээн зөн-2018 яруу найргийн наадмын тэргүүн,  МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналт  Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш Болдбаатарын Анхцэцэгтэй ярилцлаа.

Тэрбээр БСШУЯ-наас зарласан шилдэг нийтлэлийн уралдаанд “Горхи бүхэн далайд цутгадаг”  бүтээлээрээ гуравдугаар байр, “Бурхны нулимс” бүтээлээрээ дэд байр, “Сэтгэл бэрхшээлгүй бол...” нийтлэлээрээ гуравдугаар байр, Архангай аймгийн МХУЗ-ын багш нарын дунд зарласан эсээ бичлэгийн уралдаанд гутгаар байр тус тус эзэлжээ. Мөн нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит оны шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд “Эхийн хэвлийгээс хогийн саванд шидэгддэг эмгэнэлт тавилан” асуудал дэвшүүлсэн нийтлэл нь 2009 оны шилдэг бүтээлийн нэгээр шалгарч байсан байна. Б.Анхцэцэг “Гэгээн уянга”, “Хос тавилан” номоороо уншигчдын танил билээ.


-Юуны өмнө “Дэлүүн Болдогийн гэгээн зөн” наадмын эзэн болсонд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Танай шавь бас энэ наадмын эзэн боллоо?

-Баярлалаа. Энэхүү хүндтэй наадмаас ганзага дүүрэн ирсэндээ баяртай байна. 12 дахь жилдээ болж буй тус наадамд анх удаагаа гурван шавьтайгаа одтой сайхан наадлаа. Дунд насны ангилалд 7б ангийн сурагч Нямцэрэнгийн Цэвэлсүрэн тэргүүн байр, 9а ангийн сурагч Батмөнхийн Мөнх-Эрдэнэ тусгай байр, ахлах насны ангилалд 10в ангийн сурагч Гончигсүрэнгийн Төмөр-Очир маань гутгаар байр эзэлсэнд магнай тэнэгэр явна. Маргааш миний бие шавь Н.Цэвэлсүрэнтэйгээ ӨМӨЗО-оор аялах гэж байна. МУСГЗ, “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир ах маань энэ жилийн гуравдугаар сард болсон “Хүрэл тулга” наадмын үеэр “Яруу найргаар хэзээ ч тэмцэлдэж уралддаггүй сайхан нааддаг. Тэгэхээр яруу найргийн уралдаан тэмцээн гэж байдаггүй. Яруу найргийн наадам л  гэж хэлж байсныг тодхон санаж байна. Бид түрүүлэх гэж очоогүй. Сайхан шүлэг найргаа уншъя, наадъя л гэж бодсон. Үнэхээр сэтгэл тэнэгэр, итгэл дүүрэн наадаж чадлаа. Хүүхдийн яруу найргийн наадам дааганы уралдаан шиг хор шаргүй үнэхээр өхөөрдөм юм.


-Та энэ наадмын гол ач холбогдлыг юу гэж харж байна?

-Маш чухал ач холбогдолтой. Эх хэлний багш бид “Эх хэлнийхээ үг бүрийг “нүдлэн хамгаалах” цаг ирсэн. Би монгол хүн гэж цээжээ дэлдээд хоосон хөөрөөд байхын нэр биш ээ. Цаад зах нь сая жилийн тэртээ өвөг дээдэс минь нутаглаж хүн төрөлхтний өлгий хөрст газарт аж төрж ирсэн монгол хэмээх аугаа үндэстний үр сад гэдгээ бие, хэл сэтгэлээрээ мэдэрч буурал түүхийн мананд төөрч мөхөөгүй босоо заяат хувь тавиланг минь ухааруулж чадсан наадам болсон. Монгол үгийн бүтцийг авч үзвэл язгуурын араас дагавар нөхцөлүүд урсан ордог. Өөрөөр хэлбэл, тухайн үгийн үндсийн өмнө нь угтвар, дундуур нь ямар нэгэн оруулбар орохгүй гэсэн үг.  Цагтаа монгол хэл одоогийн англи хэл шиг нөлөөтэй байж олон орныхон сурч эзэмшиж монгол бичгээр харилцаж байсан түүхтэй. Хүн төрөлхтний бичгийн соёлыг гадаад далайд цутгадаг их мөрөн хэмээвээс түүний ширгэшгүй ундарга, тасаршгүй цутгалын нэг нь монгол бичиг юм. Ийм сайхан босоо бичгээр минь хэвлэгддэг “Хүмүүн бичиг” сонин энэхүү наадмыг хамтран зохион байгуулсанд их бэлгэшээж байгаа. Эх хэл, босоо бичгээ шавь нартаа өвлүүлэх гэж яваа олон зуун багшийн төлөөлөл болж шүлгэн хүлгээ хэлсэндээ баяртай байна. Монгол хэлний үгсийн санг Б.Ренчин гуай сая гаруй үгтэй гэж бичсэн байдаг.  Монголын нууц товчоонд "оюунтай төрсөн Өүлэн” гэж гардаг. Энэ бол зүгээр нэг хэлсэн үг биш. Ухаантай хүн л төрийг авч явна гэсэн санаа байгаа юм. Тухайлбал, Чингисийн есөн өрлөг ухаантай хүн байснаас биш хамаатан садан байгаагүй. Ухаантай хүнээ дээдэлж байж манай улс дэлхийн тавцанд гарч ирнэ. Ганц зөв үг хүйтэн хярууг хайлуулах чадвартай. Монгол Улсыг Оюутолгой, Тавантолгой аврахгүй оюунтай толгой л аварна гэж боддог. Энэхүү наадам нь ар, өвөрмонголын хамтын ажиллагааг батжуулж үндэсний бичгийг хөгжүүлэхэд ч чухал ач холбогдолтой цаг үеэ олсон сайхан наадам болсон. Багш сурагчид наадмын эхний шатанд шүлгээ үндэсний бичгээрээ хөрвүүлж илгээсэн нь үнэхээр бахархам. Эх бичгийн минь титэм тэтгэж, эрдэнэт үсгийн минь нуруу түшсэн.


-Таны шүлгийн анхны багш хэн бэ?

- Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул. Дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч байхад анги удирдсан багш Ч.Гантуяа маань уран унших арга ухааныг зааж сургасан. Мөн түүхийн багш Я.Жаргал маань шүлэг тэрлэх анхны А үсгийг зааж, Утга зохиол, ниймийн ажилтны дээд сургуульд оюутан болоод Ардын уран зохиолч Ш.Дулмаа, утга зохиол судлаач шүүмжлэгч доктор профессор Ш.Цэнд-Аюуш тэргүүтэй олон сайхан багштай учирснаа их хувь заяа гэж боддог. Яруу найраг бол ариун сүм. Энэ сүмийн хаалгаар орж гишүүн болно гэдэг асар өндөр тавилан гэж боддог шүү.


-Та тэргүүн шагнал хүртсэн шүлгээ таван минутад бичсэн гэсэн. Энэ шүлгээ хэлээч?

-Шүүгчдээс “Сэтгэлийн нууц” гэдэг сэдэв өгсөн. Уншигчдадаа уншиж өгье. /инээв/

Хүслийн салхи яагаад миний уруулыг тойрно вэ?

Хүн цаг яагаад намайг тойрон гүйнэм бэ?

Цасан доороос жижигхэн мөр хайж

Цагаан зовлонгоо сугадсан  сэтгэлийн нууц хэнийх вэ?

Яагаад эх сэтгэл сульдахад

Энд тэндээс атаархлын үр нисдэг юм бэ?

Хурмастын цаг миний хүслийг өршөөлгүй цавчилж

Харцыг минь яагаад саарал болор болгоно вэ

Жаргалын дарсыг мэлтэлзтэл нь аягалчхаад

Жавраар сэтгэл ороож гоёсон чи хэн бэ?

Миний сэтгэлийн нууцыг өршөөлгүй дэлгэж

Мэлмэрсэн их гунигийг тэнгэрийн заадсанд шивнээд

Итгэлийн нандин утсыг яруухан эгшиглүүлсэн

Ингэний ганцхан дусал сүү миний сэтгэлийн нууц

Чинэрсэн их гуниг салхин зүгт хийсэхэд

Чиний сэтгэлийн нууцыг өөрийн гэгээнд уусгана” гэж бичсэн. /Түүнийг шүлгээ ийнхүү уншихад нь сэтгүүлч би түүний шүлгээ унших хэв маяг, хөдөлгөж буй гар, нүд гээд бүхнийг нь ажин сууж, үнэхээр л уран үгтэй юм хэмээн бодож суув./


-“Хөх толбо” яруу найргийн наадамд шавь тань “Оюунлаг сурагч” алтан медаль хүртсэн гэсэн?

-Тийм ээ. Монгени цогцолбор сургуулиас зохион байгуулсан “Хөх толбо” яруу найргийн наадамд шавь нар маань амжилттай оролцсон. 10в ангийн сурагч Г.Төмөр-Очир маань “Оюунлаг сурагч” алтан медаль, 5б ангийн сурагч Дарханбаатарын Энхбуян маань МУГЖ уртын дуучин Г.Хонгорзулын нэрэмжит шагнал хүртсэн. Үнэхээр яруу найргийн охин тэнгэр Янжинлхам бурхан бидэнд ээлээ хайрласан. Багш хүн чинь өөрөөсөө илүү шавийнхаа амжилтаар бахархдаг юм байна.


-Шавь нараа ямар аргаар сургаж байна?

-Үнэнийг хэлэхэд би туршлагатай сайн багш биш. Дунд сургуульд байхад анги удирдсан багш маань биднийг зүйр цэцэн үгээр урамшуулж, зэмлэдэг байсан. Эх хэлнийхээ агуу тансагийг хамгийн анх Ч.Гантуяа багшаасаа мэдэрсэн. Багшийн маань үг надад бурханы сургааль шиг санагддаг байлаа. Миний анхны эзэмшсэн мэргэжил сэтгүүлч. Хожим Монгол хэл уран зохиолын багш болсон. Энэ хоёр мэргэжил эх үр шиг хүйн холбоотой гэдгийг өдөр бүр мэдэрдэг. Арван жилд байхад ангийн маань багш Монгол хэл уран зохиолын багш байсан болоод ч тэрүү  багш шигээ сайн багш болно доо гэж мөрөөддөг байсан.  Багшийгаа далай гэвэл би дэргэд нь горхи юм. Утга зохиолын сургуулиас хүн байхын утга учрыг ойлгосон. Энэ л гэгээн эрдмээ түмэн шавьдаа өвлүүлэх гэж зүтгэж яваа эгэл жирийн багш. Шавь нарынхаа хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явдаг даа. Хүн бүхэн эрдэмтэн болох албагүй ч эх хэлээ эрхэмлэн дээдлэх аваас хишиг нь ирнэ гэдэгт итгэдэг. Төрөлх хэлээрээ утга төгөлдөр ярьж бичиж сургахыг л хичээж явна.



-Та сургалтынхаа арга барилаас дурдаач?

-Хичээл гэдэг сэтгэлгээ. Багш хүн хичээлдээ өмгөөлөгч байх хэрэгтэй. Энэ нь хичээлдээ эзэн болохын жишээ юм л даа. Би хичээлээ уран бүтээл гэж боддог. Түмний нялх үрсэд өөрийн мэддэг бүхнээ хэлэхийг хичээдэг. Учирлаад тайлбарлахад хүүхэд урам орж байгаа харагддаг. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ. Бид “Ирээдүй 1+1” дэд хөтөлбөрийн хүрээнд монгол бичгийн түргэн уншлага, хичээнгүй бичиг, эвхмэл болон бийрийн бичлэгийн дугуйлан хичээллүүлдэг. Би өөрөө “Хүмүүн бичиг” сонинг ч захиалж уншдаг. Хүүхдүүддээ ч харуулдаг. Цаашид бас энэ сонинг захиалуулах сонирхолтой байгаа. Улаанбаатар хотын нутгийн зөвлөлөөс багш сурагчдын хөгжлийг дэмжсэн “Авьяас хөтөлбөр”-ийн хүрээнд математик, физик, хими, сэтгэх чадвар, урлаг, монгол бичгийн олимпиадыг жил бүр зохион байгуулж, бидэнтэй хамтран ажилладаг.  Мөн яруу найргийн “Гал урсгал” дугуйлан хичээллүүлсэн нь бидний энэхүү амжилтын эхлэл юм. Цаашид “Хүмүүн бичиг” сонинд жил бүрийн монгол хэл бичгийн аймаг, улсын олимпиадын материалыг түлхүүрийн хамт хэвлүүлж байх нь бидэнд гарын авлага болох ач холбогдолтой гэж бодож байна. Мөн эвхмэл болон бийрийн бичлэгийн буланг өргөжүүлбэл зүгээр санагддаг.


-Уншигчдадаа хандаж юу хэлэх вэ?

-Сайн үйлийг бүтээж хүмүүн заяа тэгш явах эсэхийг чиний сэтгэл мэднэ. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос” гэдэг. Сэтгэл зөв байна гэдэг таны сэтгэлээр жолоодуулсан бүх үйл үйлдэл арван цагааны мөрд багтана гэсэн үг. Бидний өвөг дээдэс сайхан сайхан өгөөмөр сэтгэлийг магтан сайшаасан аман зохиолоор дамжуулж хүүхэд багачуудад балчир цагаас нь тийм сэтгэлийг төлөвшүүлж ирсэн. Хүүхдүүд минь номтой нөхөрлөж яваарай. Манай шавь нар монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээл орохоор өөр өөрөөр мэндэлдэг. Жишээ нь үндэсний бичгийн хичээл ороход:

Эх бичгийн минь титэм тэтгэж

Эрдэнэт үсгийн минь нуруу түшиг.

Титэм, шүд, нуруу шилбэтэй

Тэр чигээрээ хүн бичиг минь” гэж мэндлээд хичээлээ эхэлдэг. Тэд маань эх хэлнийхээ адис жанлавыг хүртэж байгаа нь тэр. Хүүхэд бүр эх хэлээ харах нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж яваарай гэж захья.  Та бүхний билиг оюуны мэлмий гийж бийрийн үзүүр тань хурц байх болтугай. 

関連ニュース