АРХАНГАЙ: МАА-н өвөлжилтийн бэлтгэл ажилд урьдчилсан байдлаар 548.9 сая төгрөг зарцуулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-03 12:55:54

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 19 сумын түвшинд 2025-2026 оны мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд урьдчилсан дүнгээр 444.9 сая, аймаг 104.0 сая нийт 548.9 сая төгрөгийг зарцуулаад байна.

 

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд аймаг, сумын нөөцөд 3.556 тн өвс, 3.079 тн тэжээл, 5.13 тн эрдэс бэлтгэхээр төлөвлөсөн. 2025 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар аймгийн нөөцөд 245 тн өвс, 80 тн тэжээл, сумдын нөөцөд 1382.8 тн өвс, 664.4 тн хүчит тэжээл бэлдэж, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт 35 хувьтай байна.

 

Өмнөх оныхтой харьцуулбал аймаг, сумын нөөцөд 1.059 тн-оор буюу 2 дахин их өвс тэжээлийн нөөц бүрдүүлсэн байна.


Архангай аймгийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай, даван туулахад малчдын түвшинд 536.658 тн өвс, 9028 тн тэжээлийн нөөц шаардлагатай. 2025 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар малчдын түвшинд 381.979 тн өвс, 6.715 тн хүчит тэжээл бэлтгэж, хадлан тэжээл бэлтгэл 71.3 хувьтай байна.

 

Өмнөх онтой харьцуулахад малчид 312.570 тн-оор буюу 5 дахин илүү өвс, тэжээлийн нөөц бүрдүүлсэн байна.

関連ニュース