АРХАНГАЙ: Хотонт үржлийн хэсгийн хонь 1160 толгойгоор өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-04 12:16:40

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хотонт үржлийн хэсгийн хонины цөм сүргийг Архангай аймгийн Хотонт суманд үржүүлдэг. Хотонт үржлийн хэсгийн хониноос мах-өөх-бүдүүн ноосны чиглэлээр ашиг шимийг хүртэх юм.


Малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, малын чанар үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэхээр “Хотонт үржлийн хэсгийн хонь”-ийг үүлдэр болгон баталгаажуулахаар аймгийн Засаг даргын захирамжаар ажлыг хэсгийг томилон ажиллаж байна.

 

Хотонт үржлийн хэсгийн хонины тоо толгойг нэмэгдүүлэх, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, цаашид үүлдэр болгон баталгаажуулахаар орон нутаг, мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаач нартай хамтран ажиллаж байна.

 

Энэ хүрээнд Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжтэй гэрээ байгуулан, Хотонт сумын Хөөвөр, Бургалтай, Өндөрсант, Улаанчулуу, Хотонт, Орхон багийн цөм сүрэг бүхий 20 өрх, хуцны 7 суурийг хамруулан Хотонт үржлийн хэсгийн 5000 толгой хонинд технологит хугацаанд хаврын үзлэг ангилалтын ажлыг зохион байгуулж, анги чанарыг тогтоожээ.     

 

Ангилалтын дүнг авч үзэхэд 400 хээлтүүлэгчийг хамруулснаас 255 толгой нь цөм сүрэг, 114 толгой үржлийн сүрэг, 31 толгой хэрэгцээний сүрэгт, харин 4600 толгой хээлтэгчийн 905 нь цөм сүрэг, 3265 толгой нь үржлийн сүрэг, 430 толгой нь хэрэгцээний сүрэгт хамрагдсанаар Хотонт үржлийн хэсгийн хонины цөм сүргийн тоог 1160 толгойгоор нэмэгдүүлсэн байна.

 

Мөн “Хотонт үржлийн хэсэг”-ийн хонины сүргийн дундаж нь 15-20 хувийн илүү амьдын жинтэй, илүү нугаламтай хонины суурийн “Цөм сүрэг” бүхий малчин өрхөд хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах эрх олгож, гэрчилгээ гардуулах ажлын хүрээнд цөм сүрэг бүхий өрхийн судалгааг гаргаж, намрын үзлэг, ангилалтаар гэрчилгээ олгох малчдын хөдөлмөрийг үнэлж, хөдөөд ажлын байр нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. 


Архангай аймгийн Хотонт, Төв аймгийн Баянцагаан сумдад дагнан үржүүлэхээс гадна Архангай аймгийн Хашаат, Төв аймгийн Алтанбулаг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн, Хөлөнбуйр, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагаан-Уул сумдад тусгай суурь сүрэг бүрдүүлэн үржүүлж иржээ. 

関連ニュース