Архангай аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-01-16 21:35:28

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс хоёрдугаар сарын 08-ныг дуустал хугацаанд түр хугацаагаар зогсоох шийдвэр гарлаа.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан томуу, томуу төст өвчнөөр өвчилсан 0-5 хүртэлх насны хүүхдээ гэрээр асрах, хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарт 3-5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагын дарга нарт үүрэг болгосон юм.

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл нийт сумдын 58 хувьд, амбулаторийн үзлэгийн 15 хувиас дээш гарч, өвчлөгсдийн 73,6 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. 01-р сарын 15-ны байдлаар 67 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 95 хувийг 0-4 насны хүүхэд эзэлж байгаа ажээ. Ийм учраас аймгийн Эрүүл мэндийн газраас өмчийн хэлбэр харгалзахгүй бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, олон нийтийг хамарсан ажил, арга хэмжээг зохион байгуулахыг хориглох тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 16.00 цагт сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзаж санал авч, ярилцаад дээрх шийдвэрийг гаргалаа.

Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан, хурал, зөвлөгөөн, спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг, давтлага, дугуйлан секц хичээллүүлэхгүй байхыг даалгажээ.

Архангай аймгийн хэмжээнд 33 сургууль, 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг юм.

関連ニュース