Цоохор ирвэс айлын хотонд орж мал руу дайрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгант багийн
иргэн Ш.Болатбекийн хотонд өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд ирвэс орж,
мал руу дайрсан хэрэг гарсан байна. Уг асуудлаар түүний эхнэр
М.Күлзиратай холбогдож дараах тодруулгыг авлаа.
- Сайн байна уу. Танай хотонд цоохор
ирвэс орж мал руу дайрсан хэрэг гарсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
- Манайх Ногооннуур сумын төвөөс 100 гаруй км, аймгийн төвөөс 200 гаруй км зайд Асгатын мөнгөний орд газар дээр "Асгат" компанийн манаачаар ажилладаг. Энд ирээд найман жил болж байгаа бөгөөд 200 гаруй малтай. Өнгөрсөн сарын 27-ны өдөр оройн 19:00 цагийн орчимд малаа хотлуулаад гэртээ байж байхад мал үргэсэн чимээ гарч бид гадаа гарсан. Бид нарыг гарахад цоохор ирвэс хашаанд орчихсон аль хэдийнээ гурван ямааг идэж, бас хоёр гурван ямааг шархдуулсан байсан. Нөхөр бид хоёр модоор цохиж байж арай гэж хөөж явуулсан. Гэхдээ нэг их холдолгүй хотын захад очоод суучихсан. Тэр даруйд хилийн цэргийн застав, сумын захиргаа, аймагт байгаа хамаатан садандаа утсаар мэдэгдсэн. Цэргийнхэн хүрч ирээд холбогдох газруудаас зөвшөөрөл авч гэрэлтүүлэх пуужин харвасны дараа арай гэж явсан. Тэгээд хэдэн цагийн дараа гадаа гарч ажиглахад мал хэтэвчлэх газрын гялгар уутаар хийсэн жижиг цонхыг цоолж дотогшоо дахиж орж зургаан ямааг идчихсэн байв. Энэ үеэр сумын ЗДТГ-ын дарга М.Төкен, байгаль орчны байцаагч У.Нуршекер, А.Хайрат нарын хүмүүс ирж даруй арга хэмжээ аван ирвэсийг уургаар бариад, олсоор хүлж маргааш өглөө нь аймгийн төвөөс мэргэжлийн хүмүүс ирэх хүртэл байлгаж байлаа.
- Аймгийн төвөөс
ирсэн мэргэжлийн хүмүүс ямар арга хэмжээ авав?
- Ирвэсийг өглөө манай хотоос 10-аад км зайд аваачаад тавьж явуулсан. Гэхдээ
хоёр цаг орчмын дараа дахиад хүрээд ирсэн. Үүнээс өмнө бид малын хашаа
хороогоо битүүлсэн байсан тул энэ удаад хохирол гараагүй. Бид гал асаан
утаа тавьж үргээхэд яваад өгсөн. Түүнээс хойш дахиж үзэгдээгүй.
- Танайхаас нийтдээ хэдэн малын хохирол
гарсан вэ?
- Нийтдээ 10 ямааг
идэж, дөрвөн мал шархадсан. Шархадсан малын хоёр нь өчигдөр үхсэн. Ирвэс шархдуулсан малын шарх эдгэхгүй гэж хүмүүс ярьж байна.
- Өмнө нь энэ нутгаар ирвэс явж байхыг
харсан уу?
- Мөрийг нь харсан болохоос ирвэсийг огт хараагүй.
- Тус аймгийн эрх бүхий
байгууллагуудаас танайхыг улсын тусгай хамгаалалттай газарт хамаарах
энэ нутгаас өөр газарт нүүхийг шаардаж байгаа юм байна?
- Хариуцаж байгаа объектуудыг орхиод явж болохгүй л дээ. Мал ид төллөж байгаа. Одоохондоо нүүх ямар ч боломжгүй байна.