Хүн ам, орон сууцны тооллогын комисс хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-11 22:01:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын комисс өнөөдөр анхны хурлаа хийж, тооллогыг зохион байгуулахад баримтлах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.

2020 оны тооллогыг зохион байгуулах комиссыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал ахалж байгаа бол орлогч даргаар Статистикийн хэлтсийн дарга Х.Ганзориг томилогджээ. Мөн тооллого явуулах үйл ажиллагаанд хамтран оролцох холбогдох 25 байгууллагын удирдлага энэхүү комисст ажиллах юм байна.

Энэ жилийн Хүн амын тооллого улс орон даяар 2020 оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн долоо хоног үргэлжлэх бол байшин орон сууцны тооллогыг энэ оны наймдугаар сард хийх аж.

Тус тооллогыг холимог системээр явуулна. Ингэхдээ уламжлалт тооллого буюу цаасаар мэдүүлэх асуулгаа хүн амын 10 хувьд нь явуулах бол үлдсэн 90 хувийг өрхийн мэдээллийн сангаас татаж авахаар болжээ. Энэ жил буюу 2019 оны турш хүн амын тооллого явуулах бэлтгэл ажлыг Статистикийн хэлтсээс холбогдох газруудтай хамтран явуулах юм байна. Ингэхдээ иргэний бүртгэл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, авто тээврийн зэргээр мэдээллийн сангуудаас үнэн зөв мэдээллийг цуглуулан түүнээсээ нэгтгэн татаж авах байдлаар ажиллана.

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох маш том цар хүрээтэй ажил болохыг Тооллогын комиссынхон онцолж байв.

Сонирхуулахад, Монгол Улс хүн амын 20 дугаар зууны анхны тооллогоо 1918 онд явуулснаас хойш 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онд, 21 дүгээр зуун гарсаар ээлжит тооллогыг 2010 онд, Хүн ам, орон сууцны анхны завсрын тооллогыг 2015 онд зохион байгуулж байжээ. 

関連ニュース