Ан Сан Су Чи Засгийн газрын бүрэлдэхүүнд орно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-22 14:57:58

БАНГКОК. /Reuters/. Ардчиллын төлөөх үндэсний холбоо /АТҮХ/ намын дарга, Нобелийн Энх тайвны шагналт Ан Сан Су Чи Мьянмар улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд орно.

Су Чи Гадаад хэргийн сайд, ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Эрчим хүчний сайд эсвэл Боловсролын сайдын албан тушаалыг хашиж магадгүй. Мьянмарын шинэ Засгийн газар тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Тхин Чогийн хамт дөрөвдүгээр сарын 1-нээс ажлаа эхэлнэ.

Хуучнаар Бирм улсын төрийн эрх 2010 он хүртэл цэргийн эрхтнүүдийн гарт байсан билээ. Ардчилсан улс болох эхний алхамыг тус улс таван жилийн өмнө хийсэн боловч парламентын анхны сонгуулиар цэргийнхэнд ойр Эв санааны нэгдэл, хөгжлийн холбооны нам төрийн эрхэнд гарсан юм. Тухайн үед сөрөг хүчний нам сонгуульд оролцоогүй байна. Харин цэргийн засаглалын үед Ерөнхий сайд байсан, чөлөөнд гарсан хурандаа Тейн Сейн 2011 онд Ерөнхийлөгч болсон байна. Түүний бүрэн эрхийн хугацаа гуравдугаар сарын 31-нд дуусна.

Мьянмарын парламент гуравдугаар сарын 15-нд олонхын саналаар тус улсын Ерөнхийлөгчөөр сөрөг хүчнээс нэр дэвшигч, өдгөө 70 настай Тхин Чог сонгосон билээ.

Д.Жаргал

 

関連ニュース