Дарви суманд 500 орчим малчин зөвлөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дарви сум “Малчдын зөвлөгөөн-Малчдын баяр”-ыг гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Улс, аймаг, сумын
аварга малчдын алдар гавьяаг мөнхжүүлэх, залуу малчдад мал маллах арга ухаан
өвлүүлэх, харилцан туршлага солилцох зорилго бүхий тус зөвлөгөөнд Мөрөн, Булган, Дэлгэр, Мөнгөн аяга, Булаг гэсэн 5
багийн 500 орчим малчин оролцсон байна.
Энэ үеэр сумын
удирдлагууд мал аж ахуйн салбарт төрөөс баримталж буй бодлого, тус салбарын
өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулсан бөгөөд зарим
ахмад малчин мал маллах арга ухаан, туршлагаасаа хуваалцсан юм.
Энэ үеэр Дарви
суманд сүүлийн 2 жил зуншлага тааруу байснаас мал сүргийн тоо толгой цөөрсөн, зутруухан
өвөлжсөн зэрэг бэрхшээл саад байсан. Харин энэ жилийн тухайд өвс сайн ургаж, мал
сүрэг эрт ногоо идэх нөхцөл бүрдэж байна
гэж малчид ярилаа. Зөвлөгөөний дараагаар
малчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, спортын олон төрөлт уралдаан тэмцээнд оролцов.
Дарви сум нийт
560460 га нутаг дэвсгэртэй. Үүний 493857 га талбай буюу нийт газар нутгийн
88,11 хувийг бэлчээрийн бүс нутаг эзэлдэг. Тус сум өнгөрсөн оны жилийн
эцсээр 213282 мал тоолуулжээ.