Японд хоёр хэрэгтний цаазаар авах ялыг гүйцэтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-25 13:33:53

ТОКИО. /Kyodo/. Японд хоёр гэмт хэрэгтэнд оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэсэн байна. Үүнтэй холбогдох зарлигт тус улсын Хууль зүйн сайд Иваки Мицухидэ гарын үсэг зурсан байжээ.

Цаазаар авхуулсан эхний гэмт хэрэгтэн нь 1985-1994 онд Осака хотын есөн настай охиныг оруулаад таван хүний амийг бүрэлгэсэн Ясутоси Камата гэгч аж. Ялын тогтоолыг нь гүйцэтгэсэн хоёр дахь хэрэгтэн бол 56 настай Зюнко Ёсида гэгч эмэгтэй байна. Уг эмэгтэй 67 сая иенийн /593 мянган доллар/ даатгалын төлбөр авах зорилгоор 1998-1999 онд хоёр найзынхаа нөхрийг хөнөөжээ.

Японд хамгийн сүүлд өнгөрсөн оны 12 дугаар сард цаазаар авах ялыг гүйцэтгэжээ.

Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй Засгийн газар Японы засгийн эрхэнд гарсны дараа тус улсад 16 гэмт хэрэгтнийг цаазаар авснаас гадна, 120 гаруй хүн цаазаар авах ялын гүйцэтгэлийг хүлээж байна. Японы хуулиар, ялыг гүйцэтгэхийн тулд Хууль зүйн сайд биечлэн зарлиг гаргах ёстой.

Д.Жаргал

 

関連ニュース