“Тэнгэрийн бичиг-2019” уран бичлэгийн үзэсгэлэнд 60 орчим бүтээлийг дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийтийн номын сан-мэдээллийн төвөөс “Үндэсний бичиг үсгийн баяр-2019”-ыг тэмдэглэн өнгөрүүллээ. Иргэд, олон нийтэд монгол үндэсний бичгийн өв соёл, уламжлал, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор багш, сурагч, сонирхогчдын дунд “Тэнгэрийн бичиг-2019” уран бичлэгийн үзэсгэлэнг аймгийн Нийтийн номын санд дэлгэсэн.
Тус үзэсгэлэнг жил бүр шинэ уран бичлэгийн бүтээлээр
баяжуулан явуулдаг ба 60 орчим бүтээл тавигдсан байна. Үзэсгэлэнг 14 хоногийн
хугацаанд иргэдэд үзүүллээ. Энэ
үеэр Нийтийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт ховор эртний судар,
монгол бичгээр хэвлэгдсэн 63 номыг,
тайлбарын хамтаар уншигч
олонд сурталчлан таниулсан байна.
Энэ хүрээнд “Жамъянгарав ба утга зохиол” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион
байгуулж, арваад илтгэлийг хэлэлцүүлэв. Мөн насанд хүрэгчид, сурагчдын дунд ”Зөв
сайхан бичигтэн”, “Түргэн
уншлага”-ын уралдаан, уншигч зохиолчдын уулзалт, уран бичлэг, ховор номын
үзэсгэлэнг зохион байгуулжээ. Уралдаан
тэмцээнд нийт 10 гаруй сумын 250 гаруй оролцогч оролцож, уран бичлэг, ховор
номын үзэсгэлэнг 100 гаруй хүн үзэж сонирхжээ.
“Жамъянгарав ба утга зохиол” эрдэм
шинжилгээний бага хуралд хэл бичгийн ухааны доктор (PhD), дэд профессор
Д.Ганболд “Батсүжигт, Бандидахамбо Жамъянгаравын сүмбүмд дурдсан бүтээлүүдийн
тухайд”, МУСГЗ, доктор, профессор Л.Дашням “Утга зохиолоор дамжуулан
монголчуудыг соён гэгээрүүлж ирсэн тоймоос”, МУБИС-ийн Архангайн багшийн
сургуулийн багш Д.Чимэгбаатар, П.Алтанзул “Утга зохиолын онолын хөгжлийн
асуудалд”, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор (SnD), профессор Ч.Пүрэвдорж
“Жамъянгарав гэгээнтний үйл бүтээлээс улбаалан бурхны шашны гүн ухааныг
төсөөлөх төдий өчүүхэн санаа”, доктор PhD Ц.Наранцэцэг, Анагаах ухааны магистр
Б.Батхуяг “Хувилгаан дагшинт Жамъянгарав алдартны төрөл үеийн магтаал товч
хураангуйн тухайд” сэдэвт илтгэл бүтээлүүдээ хэлэлцүүлсэн байна.