“Embraer-190” агаарын хөлгөөр нислэг хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Хүннү Эйр” компани "Embraer-1903 агаарын хөлгөөр орон нутагт нислэг хийж энэ сарын 28-нд Ховд аймгийн “Ховд” нисэх буудалд газардлаа.
Улаанбаатар хотоос
1500 гаруй км зайд
алслагдсан бүс нутагт амьдардаг Ховд аймгийн иргэдийн хувьд ажил хэргийн болон
хувийн шалтгаанаар
Улаанбаатар хот руу агаарын хөлгөөр зорчих хэрэгцээ шаардлага их гардаг. Гэвч
сүүлийн үед нислэгийн хүртээмж хангалтгүй
байдаг талаар иргэд ярьж байна. Тиймээс "Хүннү Эйр" компани орон нутгийн чиглэлд
нислэг үйлдэх "Embraer-190" маркын агаарын хөлгийг Монгол Улсын Иргэний нисэхийн
салбарт шинээр нэвтрүүлэн ашиглаж байна.
Тус хөлөг онгоц орон нутгийн чиглэлд туршилтын нислэг үйлдэж, Ховд аймагт амжилттай газардав. Энэ хөлөг зуны турш Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд нислэг хийх юм.
"Embraer-190" агаарын хөлгийн хурд 870 км/ц бөгөөд нэг нислэгээр 98 зорчигч тээвэрлэх, 4.537 км агаарын зам туулах үзүүлэлттэй тул орон нутгийн нислэгт нэн тохиромжтой агаарын хөлөг юм. Энэ онгоц бусад төрлийн хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай, тав тухтай, хурдан зорчих боломжтой зэрэг давуу талтай гэнэ.
Ийнхүү шинэ агаарын хөлгийг ашиглаж
эхэлснээр гадаад, дотоодын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, улмаар орон
нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал
ач холбогдолтой гэж албаныхан
хэллээ.