Баруун найман сумын 4854 хүүхдийн шүдийг эрүүлжүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Архангай-2022” дэд хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл хүүхэд” аяныг өнгөрөгч 4-р сарын 15-наас 5-р сарын 25 хүртэлх хугацаанд Архангай аймгийн Булган, Ихтамир, Чулуут, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Жаргалант суманд зохион байгуулж, бүх насны хүүхдийн шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийж, амны хөндийн арчилгааг хэрхэн зөв хийх талаар дэлгэрэнгүй үзүүлсэн материал тараан, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт нь мэдээлэл өгч ажиллажээ.
Аяны хүрээнд нийт 6129 хүүхэд шүдний
мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдсанаас 4854 хүүхэд буюу 79 хувь нь шүд
цооролттой, шүдний гаж ургалттай, хүндэрсэн хэлбэрүүд болох идээт үрэвсэл, гүн
цоорол гэсэн өвчлөлөөр өвчилсөн байв. Харин 1275 нь шүдний ямар нэг өвчлөлгүй
эрүүл байсан байна. Газар дээр нь ажилласан шүдний эмч нар дээрх 4854 хүүхдэд
ломбо тавьж, цоорол зогсоох түрхлэг түрхэн, шаардлагатай тохиолдолд шүд авах
эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байна.