Х.Халиунбат: Монгол Улс 8.7 их наяд төгрөгийг барилгын зах зээлд гацаасан
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсад хэрэгжүүлж буй ипотекийн зээлийг бусад улсад төдийлөн амжилттай хэрэгжүүлж чаддаггүй талаар “Монгол айдия” компанийн захирал Х.Халиунбат Монголын эдийн засгийн чуулган “"Бизнесийн орчин" нэгдсэн хуралдаанд тавьсан илтгэлдээ дурьдав.
Монгол Улсын барилгын салбар 90 жилийн түүхтэй хэдий ч бодлого нь буруу тийш хазайсан байна. Зах зээл дээр нийлүүлэлт эрэлтээсээ хэд дахин давж, олон тооны хоосон орон сууц бий болсон. Нийлүүлэлт давахын хирээр үнэ буурах нь зах зээлийн зарчим ч Монголд байрны ханш огт буурахгүй байгаа төдийгүй 8.7 их наяд төгрөгийг энэ зах зээлд гацаачихсан байна хэмээн Х.Халиунбат захирал хэллээ.
Тэрбээр, “Ипотекийн зээлийг амжилттай хэрэгжүүлсэн орон байдаггүй. Харин хэрэгжүүлж эхлээд, татан буулгасан орон байна. Судалгаа шинжилгээ, маркетингийн нарийн дүгнэлтгүй дэндүү бүдүүлэг бизнес олон байдгийн сонгодог жишээ нь барилгын салбар. Улс төржилт бизнесийн бүх салбарыг самардаг. Манай бизнесийн орчинд мэргэжлийн бус, улстөржилт цэцэглэсэн. Энэ нь бизнесийн орчинг гацаасан гээд Монголын төр олон төрлийн халамжаа больж, залуу үедээ тулгуурлан хөгжих хэрэгтэй хэмээв.
Монголын эдийн засгийн чуулган салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
Бүтээгдэхүүнээ экспортлохын тулд бэлтгэл ажлаа сайн хийх хэрэгтэй
Чуулганы “Аюулгүй хүнс-тогтвортой, ашигтай бизнес” салбар хуралдаанаар хүнсний бүтээгдэхүүн экспортлох боломж ба түүнийг үр дүнтэй ашиглах богино, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарцын талаар хэлэлцэж байна.
Хүнсний салбарын гинжин хэлхээний эхэнд байдаг мал аж ахуй, газар тариалан төдийлөн хөгжиж чадахгүй байна. Бага оврын автомашинаар сүү, махаа тээвэрлэдэг нүүдэлчин ахуй өөрчлөгдөөгүй. Үүнээс эхлээд технологийн хоцрогдол төдийгүй хууль эрх зүйн, сав баглаа боодлыг сайжруулах, вакцинжуулалтыг бүрэн явуулах зэрэг олон асуудал бий. Томоохон зах зээлд бүтээгдэхүүний нийлүүлэхийн тулд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс бэлтгэдэг болох хэрэгтэй бөгөөд үүний тулд нэн тэргүүнд бэлтгэл ажлаа сайн хийх хэрэгтэй, төлөвлөх ёстой гэдгийг “ТЭСО” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл хэллээ.
Экспортыг хөгжүүлэхийн тулд Засгийн газар аль салбараа түлхүү дэмжих вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй хэмээн “Роял ресурс” компанийн захирал С.Ариунболд хэлэв.
Нүүдэлчин агро ферм ХХК-ийн захирал Ж.Баттөгс "Улаанбаатар хот нэг сая гаруй хүн ам амьдарч байгаа нь хүнсний аюулгүй байдал, нийлүүлэлтийн хувьд асуудал тулгарчихаад байна. Үүнийг томоохон хүнсний үйлдвэрүүд авч явна уу гэхээс хэн дуртай нь их, бага хэмжээгээр нийлүүлээд байх боломжгүй".
Уламжлал тогтолцоонд суурилсан сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэлтээс экспорт ярих нь ярвигтай асуудал. Тиймээс уламжлалт мал аж ахуйгаас илүү фермийн аж ахуй хөгжүүлэх ёстой. Улирлын хэт их шинж чанартай байгаагаас үйлдвэрийн мал аж ахуй, үйлдвэр хоёр тохирохгүй байгаа юм. Зун сүү сүүн бүтээгдэхүүн их байдаг ч өвөл байхгүй болчихдог тул үүнд тохируулан ажиллах хэрэгтэй гэдгийг АПУ компанийн Сүүний үйлдвэр, үйлдвэр хариуцсан захирал Г.Энхбилэг хэллээ.
Эмч нарын цалинг нэмэхгүйгээр сайн үйлчилгээ авна гэдэг боломжгүй
“Монгол Улсад үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэхийн ач холбогдол, хэрэгцээ ба арга зам” салбар хуралдаанаар даатгалын санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог бий болгох эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хурдтай, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцож байна.
Эдийн засгийн чуулганаар гурван жил эрүүл мэндийн салбарын талаар хэлэлцсэний үр дүнд даатгалын тухай хуулийг баталж, дөрөвдүгээр сард тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болсон гээд олон үр дүн гарсан гэдгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэллээ. Эрүүл мэндийн салбарыг 100 хувь хувьчлах санал гардаг ч энэ салбарт төрийн оролцоо, зохицуулалт өндөр түвшинд байх ёстой гэдгийг тэрээр онцолж байв.
Ард иргэдэд хүртээмжтэй, сэтгэл ханамжтай, сайн үйлчилгээ авахын тулд эмнэлэг, эмч, даатгалын компаниудын дунд өрсөлдөөн байх ёстой. Хүний амьд явах эрхийг хамгаалах эмч нарын цалинг нэмэхгүйгээр сайн үйлчилгээ авна гэдэг боломжгүй гэдгийг хуралд оролцогчид хэлж байлаа.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал