Бахрейны ХАҮТ-ын дарга Л.Пүрэвсүрэнг хүлээн авч уулзлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМАНАМА. /BNA/. Бахрейны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын /ХАҮТ/ хоёрдугаар орлогч дарга Абдулхамед Аль Коохежи Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг төлөөлөгчдийнх нь хамт хүлээн авч уулзлаа.
Бахрейн болон Монгол хоорондын бизнесийн харилцааны хэтийн төлөвийг талууд хэлэлцэж, бизнесийн хамтарсан үйл ажиллагааг дэмжихээр тохиролцжээ.
Бахрейны эдийн засаг гадаадын хөрөнгө оруулагчдад шинэ боломж санал болгодгоороо өвөрмөц онцлогтой болохыг Аль Коохежи дурдаад, зах зээлийг нь судалж, хөл тавин, Бахрейны бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг Монголын хувийн хэвшлийнхэнд уриалсан байна.
Харин Л.Пүрэвсүрэн, найрсаг харилцаатай орнуудтай бизнесийн салбарт хамтран ажиллах зорилготой байгаагаа илэрхийлээд, хоёр орны зах зээлийн туршлагыг харилцан солилцох үүднээс бизнесийн төлөөлөгчдөө солилцохыг уриалжээ. Мөн тэрбээр, уул уурхай, хөдөө аж ахуйгаас ихээхэн хамааралтай Монголын эдийн засгийн тухай товч дурдаад, Монголын Засгийн газар орлогын эх үүсвэрээ төрөлжүүлж, хүний капиталд хөрөнгө оруулалт хийх зорилго тавин ажиллаж байгааг онцлон дурдсан байна.
Мөн Монголын татварын өвөрмөц тогтолцоо, Монголоос болон Монгол руу орж гарах хөрөнгийн хязгааргүй урсгалын тухай тэрбээр цухас дурдаад, хоёр орны бизнесийн харилцааны төлөв байдалд урамшиж буйгаа илэрхийлжээ.
Д.Нямтулга