Жакартад хоёр нисэх онгоц шүргэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖАКАРТА. /BBC/. Индонезийн нийслэл Жакарта хотын онгоцны буудалд хоёр нисэх онгоц шүргэлцсэнээс далавч нь шатаж осол гарчээ.
“Batik Air” компанийн нисэх онгоц хөөрөх үедээ далавчаараа “TransNusa” компанийн онгоцны сүүлийг шүргэсэн байна. Өнгөрсөн шөнө болсон уг ослын үеэр гэмтэж бэртсэн хүн байхгүй бөгөөд зорчигчдыг эсэн мэнд буулгасан гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
“Batik Air” онгоцонд 49 зорчигч, нисэх багийнхны хамт зорчиж явсан байна хэмээн “AFP” мэдээллийн агентлаг мэдээлэв. Хэдийгээр осол аюулгүй өнгөрсөн ч Жакарта хотын “Halim Perdanakusuma” нисэх онгоцны буудлын ажиллагааг түр хугацаагаар хаахаар болжээ.
Индонезийн аялал жуулчлалын салбар хөгжихийн хэрээр агаарын тээврийн салбар ч дагаад өргөжиж байгаа хэдий ч аюулгүй байдлын тал дээр байнга асуудал үүсдэг аж.
Тухайлбал, 2013 онд “Lion Air” компанийн нисэх онгоц Бали арлын “Denpasar” нисэх буудлын нисэх зурвасаас даван гарч тэнгис рүү унаснаас 22 хүн эмнэлэгт хүргэгдэж байжээ. Мөн тухайн онд тус компанийн өөр нэг онгоц Сулавеси аралд нисэх зурвасаас хэтэрч гарснаас үхэр мөргөсөн тохиолдол бий. Хамгийн сүүлд буюу 2014 онд “AirAsia” компанийн нисэх онгоц тэнгист осолдсоноос 162 хүн амь үрэгдсэн билээ.
Х.Сарнай
I