Өндөр-Улаан сумын Соёлын төвийн их засвар удаашралтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийт суманд төв суурингийн болон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил, улсын болон орон нутгийн төсвөөр хэрэгжиж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах, холбогдох үүрэг даалгавар өгөх зорилгоор гурван ажлын хэсэг энэ сарын 9,10-ны өдрүүдэд сумдад ажиллалаа.
Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны
удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодоржоор ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын
хэсэг Өндөр-Улаан, Чулуут, Хангай, Цахир, Тариат суманд ажилласан. Эхний сум
Өндөр-Улаан байлаа. Тус суманд улсын төсвийн 200.0 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар Соёлын төвийн барилгын их засварыг “Ар Дэн” ХХК гүйцэтгэж байна.
Өнгөрөгч 6-р сард эхэлсэн уг засварын ажил дуусах шатандаа явж байгаа ч
удаашралтай, хүн хүч дулимаг байгааг сумын удирдлагууд хэлж байлаа. Гүйцэтгэгч
компанийн гэрээний хугацаа 9-р сарын 15-нд дууссан байна. Ажлын хэсгийнхний
зүгээс ажлаа яаравчлахыг үүрэг болголоо.
Мөн сургуулийн уурын зуухны
шинэчлэл, сургуулийн инженерийн шугам сүлжээний шинэчлэл, дотуур байрны засвар
гээд нийт улсын төсвийн 400.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж
байна. 8-р сарын 22-нд ажил нь эхэлсэн ба ажил удаашралтай байгааг сумын
удирдлагууд хэлж байлаа. Энэ чиглэлээр ч ажлын хэсгийнхнээс тодорхой үүрэг
даалгавруудыг өгсөн. Шинэ уурын зуухыг 10-р сарын 01-нд хүлээлгэж өгөхөөр “Ди Ти И
Строй” ХХК гэрээлэн ажиллаж байна.
Өндөр-Улаан сумын төв дотор улсын
төсвийн 800.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нэг км хатуу хучилттай авто
замыг барьж байна. Тус зам нь 34 ширхэг тэмдэгтэй, гурван үерийн суваг, гурван
хурд сааруулагчтай, явган хүний замтай барьж байна. Замыг АЗЗА ТӨХК
гүйцэтгэж байгаа ба 10-р сарын15-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.