Умард Солонгост Ким Жөн Уны албан тушаалын ойг тэмдэглэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Хөдөлмөрийн намын Нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдсоны дөрвөн жилийн ойг тус улсад өнөөдөр тэмдэглэж байна.
Ким Жөн Ун 36 жилийн турш хуралдаагүй тус намын их хурлыг ирэх сарын эхээр хийхээр товлоод байгаа бөгөөд тэрбээр уг хурлаас өмнө байр сууриа бэхжүүлэхээр хичээж байна.
Ким Жөн Ун цөмийн хүчээ зузаатгах, эдийн засгийг өөрчлөн шинэчлэх бодлого баримталж байгаа билээ. Умард Солонгос нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, дараа сард нь пуужин хөөргөсөн бөгөөд энэ нь алсын тусгалтай баллистик пуужингийн туршилт байсан гэж олон улс орон үзэж байна.
Тус улсын хэвлэлд мэдээлснээр, Умард Солонгос баллистик пуужинд суурилуулж болох авсаархан цөмийн цэнэгт хошуу бүтээжээ. Мөн тив хоорондын баллистик пуужингийн хөдөлгүүр туршсан тухайгаа Умард Солонгос өнгөрөгч бямба гарагт мэдээлсэн байна.
Умард Солонгосын удирдлагууд эдгээр үйлдлүүдээрээ АНУ болон бусад орнуудад өөрийн цөмийн болон пуужингийн хүчин чадлаа харуулахыг зорьж байна. Пхеньян болон Вашингтоны хооронд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд шууд яриа хэлцээ болж байгаагүй юм.
Д.Нямтулга