МЗХ гишүүд тэргүүлэгчдээ чадавхжуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-21 14:35:03

МЗХ-ноос энэ сарын 19-20-нд "Хошуучлагч залуу" вакумжуулсан сургалтыг олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амжилттай зохион байгууллаа.

Бүтцийн байгууллагынхаа гишүүд, тэргүүлэгчдийг чадавхжуулах, бүтээлч сэтгэлгээ, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохиосон уг сургалтад тус холбооны Үндэсний залуучуудын зөвлөл, залуучуудын асуудал эрхэлсэн 16 байнгын хороо, есөн дүүргийн залуучуудын холбоо, 21 аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны төлөөлөл болох 200 гаруй залуус оролцсон юм.

Хоёр өдөр үргэлжилсэн сургалтаар "Илтгэх ур чадвар", "Албан бичиг боловсруулахад анхаарах зүйлс", "Манлайлагчийн сэтгэл зүй ба инээмсэглэл" зэрэг сэдвээр сонирхолтой сургалт лекц явуулсан ба үүний зэрэгцээ МЗХ-ны 16 байнгын хороо, есөн дүүрэг танилцуулга хийн, хийсэн ажлаа тайлагналаа. Онцолбол, Хүмүүнлэгийн байнгын хороо “Ах аваръя” аян өрнүүлж, шатаж буй гэрээс дүүгээ аварч түлэгдсэн А.Цэрэнтогтоход 10 сая төгрөгийн хандив тусламж үзүүлсэн байна. Мөн Соёлын байнгын хороо “Соёлын довтолгоо-2” аяныг өрнүүлэх, Биенесийн байнгын хороо залуу бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого боловсруулах ажлыг эхлүүлжээ.

Мөн дүүргүүдийн залуучуудын холбооны хувьд ч хийж хэрэгжүүлсэн ажил чамлахааргүй байсан аж. Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын холбоо 320 айлыг орон сууцжуулах хөтөлбөр эхлүүлж, эхний 3 залуу гэр бүлийг орон сууцтай болгосон бол Хан-Уул дүүргийн залуус “Хан-Залуус” Залуучуудын хөгжлийн хөтөлбөрөө ИТХ-аараа батлуулж, 74 сая төгрөг төсөвлүүлжээ. Түүнчлэн "Хан залуус" түймрийн голомтод ажиллаж байгаа залуустаа дэмжлэг үзүүлэх зорилгоор “Боорцог” аян өрнүүлж, өөрсдийн хийсэн 60 шуудай боорцгийг илгээсэн байна.

Сургалтын хоёр дахь өдөр спортын төрөл бүрийн уралдаан тэмцээнээр үргэлжилж, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис зэрэг төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорив.

Б.Туул

関連ニュース
コメント